Аймгийн ОБГ-ынхан аюулт үзэгдэл, ослоос 148 хүний амь насыг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-12-25 11:09:13
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2017 онд нийт 119 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдсоноос ой, хээрийн түймэр 6, объектын гал түймэр 67, хүчтэй салхи шуурга 5, үерийн аюул 3, аянга аюулт үзэгдэл 2, зуд 1, мал амьтны халдварт өвчин 23, уул уурхайн осол 1, зам тээврийн осол 1, гол нуурын усанд осолдсон 7, эрэн хайх аврах ажиллагаа 3 удаа тус тус гарсан тухай мэдээг аймгийн ОБГ-аас өгч байна.

Дээрх аюулт үзэгдэл ослын улмаас 16 хүн амь насаа алдаж, 22151 толгой мал хорогдон, аж ахуй нэгж, иргэдэд 1.5 тэрбум төгрөгийн хохирол учирч аюулт үзэгдэл, ослоос 148 хүний амь насыг авран хамгаалж, хор уршгийг арилгах талаар аймгийн Онцгой комиссыг 2017 онд 8 удаа хуралдуулж Засаг даргын захирамж 25, албан даалгавар 2-ыг гаргаж ажилласан байна.

Тухайлбал: 2017 онд тус аймгийн Хашаат, Өгийнуур суманд гарсан малын гоц халдварт цэцэг өвчний хор уршгийг арилгах, хорио цээрийн дэглэм сахиулах ажиллагааг 90 хоног гүйцэтгэж 3203 малыг зориудаар устгаж Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолоор устгасан малын нөхөн төлбөр, хор уршгийг арилгах ажиллагаанд ажилласан 286 хүний томилолтын зардалд нийт 323,3 сая төгрөг шийдвэрлэснийг зохих малчид, албан хаагчдад тараан олгожээ.

Гал түймэр унтраах 51-р анги нь энэ онд гал түймрийн 58 удаагийн дуудлагаар гарч 28 удаагийн гал түймэр дээр байлдааны тархалт хийн ажиллаж, ард иргэдийн 240.0  сая төгрөгийн өмч хөрөнгө, 28 хүний амь насыг  гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна.

Б.Гэрэлт-Од
関連ニュース