Архангай аймагт гэмт хэргийн гаралт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-03 12:52:38
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтэн өнгөрөгч 12 дугаар сард “Хохирогчийн эрх” сэдвийн хүрээнд дүн шинжилгээ хийжээ. Судалгааг аймгийн хэмжээнд гэмт хэргийн улмаас хохирсон иргэд рүү чиглүүлж Цагдаагийн газар, Прокурорын газар, Статистикийн хэлтсээс авсан мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээ хийсэн байна. Архангай аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд гэмт хэрэг гаралтын тоо, учирсан хохирлын хэмжээ, бэртсэн, нас барсан хүний тоо  өссөн дүнтэй гарчээ.

Энэ нь хэдийгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагууд олон төрлийн ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа хэдий ч гэмт хэрэг гаралтын тоо, бэртсэн хүний тоо, нас барсан хүний тоо зэрэг нь буурахгүй байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн муу байна гэдгийг харуулж байгаа ажээ. 

Мөн судалгаанаас хохирогч нэг бүрт хуулиар олгогдсон эрхээ эдэлж, мэдээлэл авах, аюулгүй байдлаа хангуулах, хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ нөхөн сэргээлгэх, учирсан хохирлоо арилгуулах, нийгмийн халамж туслалцаа авах эрхээ бүрэн дүүрэн хангалттай эдэлж чадахгүй, эдлэх нөхцөл бүрэн хангагдахгүй байгааг гаргаж иржээ. Цаашид хохирогчийн эрхийг хангах, хамгаалах замаар гэмт хэрэгтэй тэмцэх, хүнд болон ноцтой гэмт хэргийг илрүүлэх, нотлох гэм буруу нь тогтоосон этгээдэд шударга шийтгэл  оногдуулахад хохирогчийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар явуулж буй үйл ажиллагаа, сургалт сурталчилгааны арга барилыг өөрчлөх, шинэлэг байдлаар зорилтот бүлэг тус бүрт тохирсон арга хэлбэрээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, цар хүрээг өргөжүүлэх, камержуулалтыг иргэн, аж ахуйн нэгж байгуулага бүр хийх, сонор сэрэмжээ нэмэгдүүлэх, аймаг бүрт хохирогчийг түр хамгаалах байрыг барьж ашиглалтанд оруулах, санхүүжилт, ажиллах хүчийг шийдвэрлэх, иргэд, аж ахуйн нэгжид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хувь хэмжээг ахиулах талаар төрөөс бодлогын арга хэмжээ авч ажиллах хэрэгцээ шаардлага байгаа нь судалгаанаас гарчээ.

Б.Гэрэлт-Од
関連ニュース