Улсын аварга малчны шагналыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-09 10:02:44
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Дуут сумын хувьд энэ он амжилт бүтээл арвинтай жил байж Монгол Улсын аварга малчин нэгээр нэмэгдэж дөрвөн "Улсын аварга малчин"-тай боллоо.
Ирж буй 2018 он тайван, нөхөрсөг Шар Нохой жилийн босгон дээр  "Улсын аварга малчин"-аар Хөх бэлчир багийн малчин Магсарын Батхүү тодорч шагналаа гардан авлаа. М.Батхүүгийн "Улсын аварга малчин"-ы шагналыг УИХ-ын гишүүн О.Батнасан, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон аймаг орон нутгийн бусад удирдлагууд гэрт нь очиж гардуулан өгч, баяр хүргэлээ. 
Өндөр уулсын сүр хүч, өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн нутаг усандаа үе дамжин малч удмаа хадгалж яваа Улсын аварга малчин цол хүртсэн М.Батхүү  хонин сүрэг  голлон өсгөж, уулсын сүр хүч болсон сарлаг хослон маллаж яваа нь малчин хүний бас нэг хашир арга туршлагын нэг юм. Тэрээр мал сүргээ таван төрөлд нь өсгөөд зогсохгүй зургаан хүнийг малжуулан амьдрал ахуйд нь тус дэм болж явна. Мөн сум орон нутгийн эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байдаг тухай салбарын төлөөллүүд онцолж, талархаж явдагаа илэрхийлж байв.
                                                                                                                                               А.Бямбасүрэн
関連ニュース