“Нүүдэлчин” зуух 2,4-7,4 дахин бага утаа гаргаж байгаа нь туршилтаар тогтоогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-16 16:36:40
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Жаргалант сумын 10 айлд туршилтаар тавиад байгаа “Нүүдэлчин” болон ердийн гэрийн зуухны яндангаас гарах утаанд агаар бохирдуулагч хийн үзүүлэлтийн ТЕСТО-360 багажаар хэмжилт хийхэд гарч байгаа хорт хийн хэмжээ ердийн зуухныхаас дунджаар 2,4-7,4 дахин бага байгааг Мэргэжлийн хяналтын газраас ирүүлжээ. 

Энэ тухай утаа бууруулж, түлш хэмнэх зориулаттай “Нүүдэлчин зуух” хэр үр дүнтэй байгаатай УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцах үеэр дээрх мэдээллийг өгчээ.
Жаргалант сумын гэр хороололд 8000 гаруй өрх амьдардаг үүнээс 5220 айл гэрт амьдардаг, 49 аж ахуй нэгжийн 57 бага оврын зуухууд гал түлж утаа гаргаж байгаа юм. Эдгээрээс ядаж 5220 гэрт амьдардаг айлуудыг "Нүүдэлчин" зуухтай болговол утааг багасгах, өвөл түлдэг нүүрсээ гурав дахин багасгах боломж байгааг албаны хүмүүс тооцоолжээ. Үүнтэй зэрэгцээд тус аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа Эко түлшийг иргэд хэрэглээд хэвшчихвэл утааг бүрэн бууруулах боломж бүрдэнэ.

Тухайн зуух ямар нэг нүүрс түлээ голохгүй, гэхдээ бүхэл нүүрснээс илүүтэй бүрэн шаталттай ЭКО нүүрсийг хэрэглэвэл утааг бүрч илүү багасгах боломтой аж. Утаагүй “Нүүдэлчин” зуух нь галлах явцдаа гарсан утаагаа дахин хийжүүлэн дахин шатаах технологи дээр үндэслэсэн ба дулаанаа удаан хугацаагаар хадгалах зориулалттайгаар тусгай керамик доторлогоотой бүтээгджээ. 
Мөн Олон улсын чанарын стандартад нийцсэн, мод, нүүрсний 40-50 хувийн хэмнэлттэй, түлшний хэрэглээ нь хяналттай, хэрэгцээгээрээ нэмж болдог, уламжлалт аргаар галладаг, хийц өнгө үзэмжийг Монгол ахуйд тохируулсан, нүүрс, мод, аргал, хөрзөн болон сайжруулсан түлш ашиглахад тохиромжтой, дулаанаа удаан барих зэрэг олон давуу талуудтай ажээ.
 
                                                                                                                                                         А.Бямбасүрэн

関連ニュース