Гамшгаас хамгаалах албадуудтай хамтарсан дадлага сургууль хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-02 17:52:52
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газраас 3 дугаар сарын 29-нд “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д эрэн хайх, аврах ажиллагааны тактикийн сургуулийг зохион байгууллаа. Тус дадлага, сургуулийг аймгийн Түлш эрчим хүчний алба, Хэв журам сахиулах алба, Эрүүл мэндийн алба, Улаан загалмайн дунд шатны хороо, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн хамтран зохион байгуулж, нийт 108 хүнийг хамруулсан байна.

Дадлага сургуулийн зорилго нь аливаа гамшиг ослын үед гамшгаас хамгаалах албад, улаан загалмайн байгууллага хоорондын харилцан уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангахад чиглэгджээ.

Дадлага, сургуулийн үеэр газар хөдлөлтийн улмаас тус барилгын 25 хувьд эвдрэл, гэмтэл үүссэн, улмаар гал түймэр гарсан цагийн байдал өгч, ОБГ-ын эрэн хайх аврах салбарын бие бүрэлдэхүүн нурангинаас аврах, барилгын 2 давхраас аврах ажиллагааг зохион байгуулж, Гал түймэр унтраах 51 дүгээр анги гарсан гал түймрийг унтраах арга хэмжээ авч, Хэв журам сахиулах албаны бие бүрэлдэхүүн тус объектыг хамгаалалтад авч ажиллав. Нуранги, гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн, түлэгдсэн нэрвэгсдэд аймгийн Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтнүүд анхны тусламж үзүүлж, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Б.Гэрэлт-Од
関連ニュース