Төрийн болон үйлчилгээний байгууллагын ажилтнууд дохионы хэлний мэдлэгтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-18 16:53:42
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг ханган ажиллах орон тооны бус зөвлөлөөс төрийн болон үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудад  дохионы  хэлний анхан шатны мэдлэг олгох зорилгоор дохионы хэлний сургалтыг энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулж дууслаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй гэж заасан байдаг ч Архангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон үйлчилгээний байгууллагуудад дохионы хэл мэддэг нэг ч ажилтан байдаггүй байна. Тийм учраас сонсголын бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцож чаддаггүй, ямар нэгэн үйлчилгээ авахад харилцааны бэрхшээл тулгардаг ажээ. Архангай аймгийн хэмжээнд 300 гаруй сонсголын бэрхшээлтэй хүн байдгаас Эрдэнэбулган суманд 30 гаруй сонсголын бэрхшээлтэй хүн байдаг байна. Эдгээр иргэд ажил хийх, боловсрол эзэмших эрх нь зөрчигдсөөр байгаа юм. Ийм хэрэгцээ шаардлага байгаа учраас сонсголын бэрхшээлтэй иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээ авахад тулгардаг харицааны асуудлыг сайжруулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулжээ. Сургалтын үр дүн дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй болсон, сонсголгүй хүмүүстэй харилцах харилцаа нь сайжирсан, сонсголын бэрхшээлтэй иргэдийн талаарх хандлага ойлголтыг нь нэмэгдүүлсэн, цаашдын хамтын ажиллагаагаа сайжруулах, хамтран ажиллах санал солилцож, хамтран ажиллах болсон зэрэг үр дүн гарсан байна. 

Сургалтыг “Итгэлийн нүд” холбооны дохионы хэлний багш, сонсголын бэрхшээлтэй Б.Оюунцэцэг, Ө.Энх-Амгалан нар зааж, орчуулагчаар нь П.Ганчимэг, У.Лхагвасүрэн нар ажиллажээ. Сургалтад аймаг, сумын ЗДТГ, багийн дарга, ажилтан, эрүүл мэнд, боловсрол, сургууль зэрэг төрийн болон үйлчилгээний байгууллагын 20 гаруй төлөөлөл 3 өдрийн турш идэвхитэй суралцаж, цагаан толгойн 35 үсгээ дохиогоор сурч, өдөр тутмын өргөн хэрэглэгддэг үгнүүд болон өгүүлбэрээ дохиогоор хэлж сурчээ.
Б.Гэрэлт-Од
関連ニュース