Архангайн МСҮТ-д 400 сая төгрөг шийдэж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-21 18:01:31
Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, хамтарсан ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва энэ сарын 20-нд “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг танилцуулахын зэрэгцээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч нартай уулзаж, үйл ажиллагаатай танилцлаа.

Уг хөтөлбөр нь тэрбум төгрөгийн санхүүжилттай бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг сүүлийн үеийн тоног төхөөрөмж, багаж дээр ажиллаж, хөдөлмөрийн зах зээл дээр чадвартай боловсон хүчин болж гарах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тоног төхөөрөмж авахад зориулж 400 сая төгрөгийг гишүүн Д.Тэрбишдагва шийдэж өглөө. Архангай аймаг дахь МСҮТөв нь анх 1942 онд Биофабрик нэрээр байгуулагдаж, 1944-1956 онд Мал эмнэлгийн техникум улмаар Зоо мал, ХАА-н техникум болон өргөжиж 1991 оноос Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болсон байна. Тоног төхөөрөмжийн тухайд хуучны тоног төхөөрөмж ихтэйг МСҮТ-ийн захирал Д.Тунгалаг хэлж байсан.

УИХ-ын гишүүн, хамтарсан ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагватай хамт БНСУ-ын Мэргэжлийн ур чадварын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Чой Чан Мүг, Мёнжан мэргэжлийн ур чадварын холбооны ерөнхийлөгч Ким Тае Ин нар хамт ирж, суралцагчдыг БНСУ руу солилцоонд явуулах боломж нөхцөл ямар байгаа талаар судалж ирсэн байна.

Төрийн бодлогоор мэргэшсэн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэж улмаар аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад илгээн дадлагажуулж дотоодын хөдөлмөрийн зах зээл дээрх өндөр ур чадвар бүхий ажиллах хүчний эрэлт, хэрэгцээг хангаж, эдийн засгийн хөгжлийн тулгуур салбаруудыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санаачилжээ.
“Ажилсаг Монгол” хөтөлбөрийн  зорилго нь 2030 он хүртэл монгол хүний хөдөлмөрийн чадавхийг нэмэгдүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэшсэн ажиллах хүчин, мэргэжлийн боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг олноор бий болгох ажээ.
Б.Гэрэлт-Од
関連ニュース