Он гарсаар зам тээврийн осол буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-06-20 19:43:43
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2018” аян Сүхбаатар аймагт нээлтээ хийлээ. Тус аймгийн хэмжээнд 2017 онд зам тээврийн осол өссөн үзүүлэлттэй байсан. Улмаар үүнд үнэлгээ, дүгнэлт хийж Цагдаагийн газрын зүгээс тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажилласаны дүнд 2018 оны эхний таван сарын байдлаар уг үзүүлэлт 26,5 хувиар, нас барсан болон бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо ес дахин буурчээ.

“Энэхүү аян Монгол Улсын хэмжээнд нэгэн зэрэг эхэлж байгаагаараа онцлог. Манай аймгийн тухайд ирэх 07 дугаар сард Алтан овооны их тахилга, наадамтай.  Мөн аялал жуулчлалын улирал эхэлсэн учир манай нутгийг зорих замын хөдөлгөөн эрс нэмэгдэнэ. Энэ үеэр аяны арга хэмжээ зэрэгцэж байгаа нь ихээхэн давуу талтай гэж үзэж байгаа. Тиймээс манай газрын зүгээс ажлын нарийн төлөвлөгөө гарган холбогдох сум, төрийн болон төрийн бус айгууллагуудтай хамтран ажиллахаар зорьж байна” гэж аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Н.Лхагвасайхан хэллээ.

Сүхбаатар  аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоод удаагүй. Гэвч энэ хэдхэн жилийн хугацаанд тус замд томоохон зам тээврийн осол цөөнгүй гарч, хэд хэдэн хүний эрдэнэт амь нас эрсдсэн. Үүнтэй холбоотойгоор хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй автобусанд тавих хяналтыг илүү сайжруулжээ.

“Аймгийн 13 сумын ес нь шууд Улаанбаатар хоттой хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээгээр холбогдсон. Зорчигч тээврийн үйлчилгээг аймгийн хэжмээнд гурван аж ахуй нэгж компани гүйцэтгэдэг. Эдгээр компаниудын тээвэр хийж буй бүх автобусанд JPS төхөөрөмж суурилуулж, үүгээр дамжуулан байршил тогтоох, замын хөдөлгөөнд оролцож буй байдал, хөдөлгөөний хурд, аюулгүй байдал зэргийг нь хянадаг. Энэхүү хяналтыг орон нутгаас гадна Улаанбаатар хотоос Авто тээврийн үндэсний төвийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс мөн тогтмол хянаж ажилладаг.” гэж аймгийн Автотээврийн төвийн дарга Б.Отгонбаяр ярилаа.

Ганц орон нутгийн зам гэлтгүй аймгийн төв доторх тойргийн замуудад ч зам тээврийн осол гарч, иргэд болон бага насны хүүхдүүд бэртэж гэмтсээр байна. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч нараас гадна явган зорчигчидтой ч холбоотой. Тиймээс замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах үүднээс замын гэрлэн дохио, хяналтын камер суурилуулах ажилд шаардлагатай хөрөнгийг 2019 оны төсөвт тусгахаар болжээ.

Орон нутгийн хатуу хучилттай авто замд гарч байгаа зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ослын гаралт үүнээс үүдэлтэй нас баралт, гэмилийг багасгах замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх нь “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2018” аяны гол зорилго юм. Аян гурван сарын турш үргэлжилнэ.
Т.Одончимэг
関連ニュース