Малын түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулах, тодорхойлох системийг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-06-21 17:42:06
Архангай /МОНЦАМЭ/. Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-малын эрүүл мэнд” төслөөс малын эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээг цахим системд холбох, мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулах, тодорхойлох тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлсэн байна.

Энэ ажлын хүрээнд “Ногоон алт” төслийн мэргэжилтэн, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн эмч нар, Улсын мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтэн нар аймгийн Засаг даргатай уулзаж төслийн хүрээнд хийж буй ажлын талаарх мэдээлэл өглөө. Энэхүү ажлыг аймгийн удирдлагууд дэмжиж ажиллана гэлээ.

Дараа нь улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, системийг хөгжүүлж буй “Dejital medic” ХХК-ийн төллөөллүүд холбогдох байгууллагуудын мэргэжилтэн, албан хаагчдад мэдээлэл өгч, сургалт зохион байгуулсан юм.

2017 онд улсын хэмжээнд мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулах, тодорхойлох системийн туршилтын ажлыг Өндөр-Улаан суманд хийсэн байна. Тус ажлын хүрээнд 1200 төлгийг малчдаас авч “Мах маркет” компантай гэрээ байгуулан нийлүүлсэн туршилт амжилттай болсон байгаа юм. Ийм учраас төсөл хэрэгжиж буй Өндөр-Улаан, Ихтамир, Тариат сумдад тус системийг албан ёсоор нэвтрүүлэх ажлыг ийнхүү эхлүүлж байгаа ажээ.
Б.Гэрэлт-Од
関連ニュース