Наадмаар таван харваач мэргэн цол хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-07-25 14:49:39
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн баяр наадмын үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд Өвөрхангай аймгийн харваач, спортын мастер П.Явуухулан түрүүлж, Төв аймгийн харваач, спортын мастер н.Цогтбаяр, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харваач, спортын дэд мастер Г.Амартүвшин нар удаалсан юм. Эмэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын мэргэн М.Бутваан түрүүлж, спортын дэд мастер Х.Даваацэцэг, спортын мастер Ө.Хатанболор нар дараагийн байруудад орсон юм. 

Энэ жилийн баяр наадмаар эрэгтэйчүүдийн төрөлд 40 сумнаас 33 онож түрүүлсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат залуу харваач П.Явуухуланд “Аймгийн мэргэн” цол, Батцэнгэл сумын харьяат харваач Х.Даваацэцэгт “Аймгийн гарамгай харваач”, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харваач Ө.Хатанболорт “Аймгийн гоц харваач” цол тус тус олголоо.

Мөн өсвөрийн үндэсний сурын харваанд тэргүүн байр эзэлсэн Б.Төгөлдөрбат, З.Соёлоо нарт “Аймгийн идэр мэргэн” цол хүртээлээ. 
Б.Гэрэлт-Од
関連ニュース