Дэлхийн Зөнгийн төсөл хөтөлбөрөөр 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-07 13:05:27
Архангай /МОНЦАМЭ/. Дэлхийн Зөн “Архангай -1” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хаалтын ажиллагаа ЗДТГ-ын зааланд өнөөдөр боллоо. Хаалтын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасан болон дэлхийн зөнгийн үе үеийн ажилтнууд, сургуулиудын сурагчдын “Өсвөрийн сэргийлэгч”, “Сэтгүүлч” зэрэг клубын хүүхдүүд оролцсон юм. Мөн Дэлхийн зөн Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч Филин Ийвэрт хүрэлцэн ирсэн байлаа.


Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ Дэлхийн Зөн-Монгол олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын хамт олонд аймаг орон нутгийн хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнд аймаг орон нутгийн үе үеийн удирдлагууд, иргэдийнхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийллээ.

Төсөл 2005 оноос хойш хэрэгжих хугацаандаа манай аймгийн 4 баг, 8 суманд нийт 15 тэрбум 340 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн салбарт оруулжээ. Төслийн хүрээнд хүүхдийн хөгжил оролцоо, хамгаалал, гэр бүлийн сайн сайхан байдал, эрүүл аж төрөх хандлагыг бий болгох, нийгмийн эрүүл мэндийг тогтворжуулах, хамгаалах, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглүүлэн хийгдсэн хөрөнгө оруулалтуудын үр дүнд ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж, бодит үр дүн гарсан гэдгийг төслийн зүгээс хэлж байна.

Тухайлбал, хөтөлбөрийн хэрэгжилтийн II үе шатанд 1610 иргэний өрхийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлснээр 33 сая төгрөгийн хуримтлал үүсгэн өдөр тутмын хэрэгцээндээ зээл гарган амжилттай хэрэгжүүлж байна. Мөн малжуулах төслийн хүрээнд 91 өрх, газар тариалангийн чиглэлд 1520 өрхийг хамруулснаар өнөөдрийг хүртэл үр шимийг хүртсээр байна.   

Эрүүл мэнд болон боловсролын төслүүдийн хүрээнд хүүхдийн сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ хүүхдийг оролцоогоор нь хөгжүүлэх, зөв дадал хэвшлийг бий болгох талаас нь анхааран 14.000 гаруй хүүхдэд хүрч ажиллажээ. Мөн хүүхдийн сурах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн 3 жилд сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж, 119 хүүхдэд тус бүр 1-1,5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн зэрэг олон ажлууд үр дүнгээ өгсөн байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース