Завханы хүүхдүүд цэрэг эх оронч хүмүүжлийн сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-09-12 18:09:38

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Бид Чингисийн үр сад” нэрийн дор зөв тэмүүлэл, эх оронч манлайллыг төлөвшүүлэх сургалт амжилттай үргэлжилж байна.
Өнөөдөр долоо дахь  өдрөө үргэлжилж буй сургалт 20-ны өдөр дуусах юм. Энэ сургалтаар хүүхдүүдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орныхоо түүхээр бахархах, өөрийгөө ялах чадвартай, бусдын төлөө сэтгэлтэй болгох, найз нөхдөөсөө суралцах, цэрэг эх оронч хүмүүжил төлөвшилтэй, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг өгөх зорилготой аж. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 9 бүсэд болж буй сургалтад ерөнхий боловсролын сургуулийн 11, 12-р ангийн сурагчид хамрагдаж байна. Сургалтын эхний өдрүүдэд буюу энэ сарын 12-ныг хүртэл хүүхдүүд маань цэргийн анхан шатны мэдлэг чадвар, дадал олгох танхимын сургалт, цэргийн анхан шатны практик сургалт, эх орны түүх, эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалтуудад хамрагдаж байна. Харин есдүгээр сарын 12-20-ны өдрүүдэд Тосонцэнгэл суманд хээрийн штабын зохион байгуулалтаар нэгдсэн сургалтад хамрагдах юм. Энэ үеэр цэрэг марш тактикийн тэмцээн зохион байгуулах, нийгэмд тустай бүтээн байгуулалтад оролцуулах, олны танил хүмүүсийн цуврал лекц, урлаг соёл, спортын үйл ажиллагааг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Сургалтад оролцож буй хүүхдийн сэтгэгдлийг хүргэж байна.
Жавхлант цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч Гончигжамцын МЯГМАР:

Сургалтанд оролцсоноор цаг баримталж сурч байгаа


-Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Сургалтанд оролцоод явж буйд баяр хүргэе.

Ядарч байна уу?
-Эхний хоёр өдөр жаахан л ядарсан. Гэхдээ одоо бол дассан, бас бэлтгэгдсэн.
-Яагаад бэлтгэгдсэн гэж?
-Яагаад гэвэл урьд нь өглөө нэг их эрт босдоггүй байсан. Хичээлдээ явахаас өмнө цагийн өмнө л босдог байсан. Харин энэ сургалтад оролцоод өглөө 06.00 цаг гэхэд босдог болсон. Өглөө эрт босохоор үнэхээр сайхан юм билээ. Бас бүх юм цаг хугацаатай, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, цаг баримтлах тал дээр их юм сурсан.
-Сургалтанд юу сурч мэдэв? Хамгийн сонирхолтой хичээл?
-Мэдээж бид үе тэнгийн олон найз нөхөдтэй болж байгаа. Урьд нь ангийнхаа сургуулийнхаа цөөхөн найзтай байсан бол одоо Улиастайн сургуулийн олон найзтай болж байгаа. Бас олон хөвгүүд нэг дор олон хоног суралцаж нөхөрлөхийн үнэ цэнэ юу вэ гэдгийг бага ч гэсэн мэдэж авсан. Миний хамгийн дуртай хичээл гардан тулааны хичээл байгаа. Үнэхээр сонирхолтой. Өдөр бүр бэлтгэл хийх, шинэ хөдөлгөөн сурах нь үнэхээр сонирхолтой, эрч хүчийг өгдөг. Мөн цэрэг эх оронч сэтгэл гэж чухам яг юуг хэлээд байгааг өдөр бүр сурч мэдэж байгаа.
-Сургалтын хамгийн хэцүү зүйл юу вэ?
-За даа ер нь хэцүү зүйл байхгүй ээ. Эхний өдрүүдэд хэцүү санагдаж байсан. Одоо бол бүгдийг нь хийж чаддаг болсон./Инээв/
-Тэгвэл хамгийн гоё, сайхан нь юу вэ?
-Оройн тоо, оройн соёл хүмүүжлийн ажил хамгийн гоё, сайхан байдаг. Би энэ сургалтад ирснээр заавал сурах 10 бүжгээс хоёр бүжгийг сурсан. Оройн бүжиг л хамгийн гоё. Охидуудаа уриад сурсан бүжгээ бүжиглэх нь сайхан байдаг.
-Үе тэнгийнхэндээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Хүүхдүүд бид цагийг үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Удахгүй сургуулиа төгсөөд төрсөн гэрээ орхиод эрдэм сурахаар хүүхэд бүр явна. Тиймээс бид олон хүнтэй найзалж нөхөрлөж сурах, биеэ даах чадвартай болох, үзэл бодлоо илэрхийлэх чадвартай болох хэрэгтэй юм байна шүү гэдгийг хэлмээр байна. Бас сургалтад оролцож байгаа аймгийнхаа хүүхдүүдэд амжилт хүсье. Мөн салааныхандаа бүр илүү их амжилт хүсье. Намайг энэ сургалтанд оролцоход дэмжсэн гэр бүлийнхэндээ, багшдаа баярлалаа.
 

Цэргийн амьдралыг биеэрээ мэдэрч сурч байгаа нь сонирхолтой байгаа

Жавхлант цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Эрдэнэнэмэхийн ГАНЗУЛ:

-Сайн байна уу? Сургалтын сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Цэрэг хүний амьдралаас суралцаж буйдаа маш их баярлаж байна. Анх их догдлолтой оролцож эхэлсэн. Одоо бол догдлолоо дараад яг л мөрдөстэй цэрэг хүн шиг нэг л бардам, өөрөөрөө бахархаж байгаа. Цэргийн амьдралын өглөө, өдөр, орой хэрхэн өнгөрдөгийг биеэр мэдэрч байгаадаа маш их баяртай байгаа.
-Энэ сургалтын хамгийн сайхан нь юу вэ?
-Олон найз нөхөдтэй болсон. Бас олон найзуудынхаа ааш авир, хамтын хүч, багаараа, салаагаараа хэрхэн яаж ажиллах, олны дунд биеэ яаж авч явах, эх орноо хайрлах ёстой л гэж мэдэж байснаас яагаад гэдгийг мэддэггүй байсан. Харин сургалтын үеэр эх орон гэж чухам юу юм, төрийн дуулал, төрийн далбааны үнэ цэнэ, эх орныхоо торгон хилийг манаж байсан болон тулалдаж байсан өвөг дээдсийнхээ бахархам түүхийг сонссон нь гайхалтай сайхан байсан. Цэрэг хүний амьдралыг биеэрээ мэдэрч байгаа нь миний хувьд хэзээ ч мартагдашгүй үе болж байна.
-Чиний хувьд тэсвэр хатуужил гэж юу вэ?
-Өөрийгөө ялан дийлэх л байх. Энэ сургалтаар тэсвэр хатуужилтай байхыг жинхэнэ сурч байгаа шүү. Жишээлбэл охид тэсвэр хатуужлыг сурч байгаа бол, хөвгүүд "Оюутан цэрэг"-т бүрэн бэлтгэгдэж байгаа гэж бодож байна.
-Сургалтад оролцоход хэн хамгийн их дэмжсэн бэ?
-Мэдээж аав ээж минь дэмжсэн. Бас найз нөхөд, багш нар минь дэмжсэн. Энэ сургалтад оролцож байгаадаа үнэхээр баярлаж өөрөөрөө бахархаж байгаа шүү. Гэр бүлийнхэндээ баярлалаа.
-Найз нөхөддөө хандаж хэлбэл?
-Бид сургуулиа төгсөөд амьдралд хөл тавина. Тиймээс сургалтдаа хичээж амжилттай оролцож илүү ихийг сураарай. Салааныхандаа амжилт урагшаа гэж хэлмээр байна.
-Энгэртээ юу зүүгээ вэ?
-Аанх. /инээв/ Сургалтын үеэр тухайн өдрийн сургалтдаа манлайлж амжилт үзүүлсэн сурагчид өгдөг энгэрийн тэмдгээр хоёр удаа шагнуулсан. Нэг нь өдрийн сургалтдаа бусдыгаа манлайлсан, нөгөө нь соёл хүмүүжлийн ажлын үеэр авъяаслаг сурагч энгэрийн тэмдэг авсан. Үнэхээр баяртай байгаа. 
 

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ