Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар АН-ын бүлэг завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-10 13:33:28

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Хүүхдийн тэтгэмжийн мөнгөө өгдөггүй эцгүүдийг албадан хөдөлмөрлүүлж, тэр мөнгийг нь хүүхдэд нь өгдөг болох зохицуулалт хуулинд байж болох уу” гэсэн асуудлыг тодруулсан. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, “Монгол Улс албадан хөдөлмөр хийлгүүлэхгүй байх олон улсын конвенцид нэгдсэн. Тиймээс албадан хөдөлмөр хийлгэх асуудлыг дэмжих боломжгүй” гэсэн юм.

Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд УИХ дахь МАН-ын бүлгийг завсарлага авах эсэхийг тодруулахад бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр завсарлага авах шаардлагагүй гэдгээ мэдэгдэв. Харин УИХ-ын дарга З.Энхболд, “Энэ хууль маш их өөрчлөлт оруулах шаардлагатай хууль. Засгийн газарт нь буцаах хэрэгтэй” гэсэн ба УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Орж ирсэн саналын зөрүүтэй саналын томъёоллыг төсөлд тусгах шаардлагатай тул буцаах хүсэлтэй байна. Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд завсарлагын хугацаанд уг хуулийг Засгийн газар дахин өргөн барих шаардлагатай гэсэн чиглэл өглөө. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцэн шийдвэрлэсэн ба МАН-ын бүлэг 8 асуудлаар, МАХН-МҮАН-ын бүлэг 2 асуудлаар, АН-ын бүлэг 1 асуудлаар тус тус завсарлага авсан юм. Ингэснээр чуулганы өнөөдрийн хуралдаан 13 цаг 20 минутын үед өндөрлөв.

Б.Туул

Холбоотой мэдээ