Стресс, гутралд орсноор нас богиносохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
aminaa@montsame.mn
2015-12-11 15:25:20

ЛОНДОН. /BBC/. Стресс, гутралд орсноор нас барах эрсдэл нэмэгдэхгүй гэж Их Британийн "Сая эмэгтэйн судалгаа" байгууллага тогтоожээ.

Гунигтай байх нь эрүүл мэндэд, ялангуяа, зүрхэнд муу гэж үзэж байсан билээ. Гэвч өмнө нь хийгдсэн судалгаанууд шалтгаан болон үр дагаврыг хольж хутгасан гэж Их Британийн “Lancet” эрүүл мэндийн сэтгүүлд хэвлэгдсэн, арав орчим жилийн шинжилгээгээр дүгнэжээ.

Гэсэн хэдий ч хүүхэд насандаа баяр хөөргүй байх нь удаан хугацааны үр дагавартай байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзсэн байна.

Хэр жаргалтай байх нь хэр удаан амьдрахад хүчтэй нөлөө үзүүлдэг гэж хэд хэдэн судалгаагаар тогтоосон юм. Гунигтай байснаар дархлааны систем болон стрессийн гормонд сөрөг өөрчлөлт орж, нас барах эрсдэл нэмэгддэг зэрэг санааг дэвшүүлсэн.

"Сая эмэгтэйн судалгаа"-нд оролцогчид эрүүл мэнд, аз жаргал, стрессийн түвшингээ тогтмол үнэлсэн байна. Үр дүнд нь, оролцогчдын эрүүл мэндийн байдал, тухайлбал, тамхи татдаг хүчин зүйлийг оруулан тооцож үзэхэд, хүмүүс “хэзээ ч” жаргалтай байдаггүй эсвэл “дандаа”, “ихэвчлэн” жаргалтай байдаг эсэх нь тэдний нас барах эрсдэлд ямар ч нөлөөгүй байсан байна.

Судалгааны туршид тамхи бага татдаг хүмүүсийн эрт нас барах эрсдэл хоёр дахин, байнга татдаг хүмүүсийнх гурав дахин их байсан боловч аз жаргал “огт холбоогүй” байсан гэж судалгааг хамтран явуулсан, Оксфордын их сургуулийн профессор Ричард Пето хэлсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ