Туркийн төлөөлөгчид Иракийн Ерөнхий сайдтай уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-11 16:23:53

БАГДАД. /Anadolu/. Иракийн хойд нутагт Турк цэргээ оруулснаас үүдсэн дипломат маргааны үеэр Анкарагийн төлөөлөгчид Багдадад айлчлав.

Иракийн хойд нутгийн Мосул хотын ойролцоо Турк цэргээ илгээснээс үүдсэн уг хямрал “Иракийн нутаг дэвсгэрээс Турк бүх цэргээ эргүүлэн татаж байж” шийдэгдэнэ гэж Иракийн Ерөнхий сайд Хайдер Абади хэлсэн байна.

Туркийн Гадаад хэргийн яамны орлогч сайд Феридун Синирлиоглу болон Үндэсний Тагнуулын байгууллагын дарга Хакан Фидан тэргүүтэй Туркийн төлөөлөгчид Багдадад айлчилсны дараа Иракийн Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас мэдэгдлийг хийсэн юм.

Турк цэргээ эргүүлэн татсанаар “хил залгаа хоёр улсын хооронд янз бүрийн салбарт эерэг харилцаа, уялдаа, хамтын ажиллагаа тогтоох” боломжтой болно гэж мэдэгдэлд дурджээ.

“Иракийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Турк хүндэтгэдэг бөгөөд “Лалын улс” террорист бүлэглэлтэй хийж буй Иракийн тэмцлийг дэмждэг” гэдгээ Туркийн төлөөлөгчид илэрхийлсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ