“АА”-д ирдэг хүмүүсийн тоо нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ“Архичид аминчлахуй” буюу “АА” бүлгэм Дорноговь аймагт хүрээгээ тэлж байна. Анх дөрвөн жилийн өмнө Сайншанд суманд байгуулагдаж байсан “Ухаарлын алхам” бүлгэмд ирдэг хүмүүсийн тоо эдүгээ 50-60 болж нэмэгджээ.
Бүлгэмийн уулзалт эхэлсэн үед тэнд ямар нэгэн дарга цэрэг байдаггүй бөгөөд хашгирч зандрах, нэгнийгээ дормжлох, алдсан амьдралыг нь тавлах, өөлөх байдал огт гардаггүйгээр үл барам тэгш эрхтэйгээр хоорондоо мэндэлж, ярилцаж, асуудлын гаргалгааг олж авдаг нь хамгийн сайн туршлага болдог аж. “АА” бүлгэм тус аймгийн Сайншанд, Замын-Үүд, Айраг суманд байгуулагдсан бол Улаанбадрах, Хөвсгөл суманд байгуулагдах гэж буй. Тэдний зарим нь энэ онд Японы “АА”-гийн 40 жилийн ойн уулзалтад оролцож туршлага судалжээ. Эмгүй эмчилгээ болсон энэ бүлгэмд хүмүүсийг элсүүлэхэд юун түрүүнд төрийн албан хаагч, эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, олон нийтийн байгууллагын хүмүүсээс бүрдсэн баг байгуулах шаардлага байгааг дурдсан юм.
Х.Эрдэнэбулган