Ардын уран зохиолч Т.Галсан ” Жинхэнэ монгол сургуулиар орж ирлээ” гэж үнэлсэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Цаст Алтай цогцолбор сургуулийн монгол хэлний багш,улс аймгийн алтан медальт, “Үндэсний өв соёлоо тээгч,шилдэг багш” Батхүүгийн Цэцэгмаатай уулзаж монгол бичгийн хичээлийн заах арга, түгээн дэлгэрүүлж буй талаар ярилцлаа.
-Танд юуны өмнө хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.Та энэ жил монгол бичгийн хичээлээ ямар уриатай эхлүүлсэн вэ?
-2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна.Энэ хичээлийн шинэ жилд шинэ зорилго,шинэ урам зориг,шинэ эрч хүчээр дүүрэн ажлаа эхэлж байна. Ер нь жил бүрийн 9 дүгээр сарын 1 өвөрмөц онцлогтой, хамгийн сайхан өдрийн нэг байдаг.
Энэ жилийн хувьд үндэсний түвшинд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бага боловсролыг цөм хөтөлбөртэй улам батжуулан, суурь боловсролын сургалтыг цөм хөтөлбөртэй амжилттай хэрэгжүүлэх түүхэн жил болж байна. Жирийн багш миний хувьд 6-7 дугаар ангийн бяцхан шавь нартаа хэлний шинэ хуулийн хүрээнд монгол бичгийн хичээлийг зааж, сургах хариуцлагатай жил.
Энэ жилийн анхны хичээлийн сэдэв 6,7 дугаар ангид монгол бичгийн хичээлээр “Монгол бичгийн түүх,гайхамшиг, онцлог, ач холбогдол”-ын талаар халуун яриа өрнүүлсэн хичээл байв.
Эхлэн сурч байгаа сурагчдад шууд монгол бичгийн зурлага ,үсэг заахаас илүүтэй тэдэнд түүх,эх хэл, бичиг соёлоо сурах хүсэл эрмэлзлэл,урам зориг, тэмүүлэл сэтгэлийн галыг бадраах нь хамгаас чухал.
Сурах зүйлийг эхнээс нь мах цусанд нь шингэтэл ойлгуулж ухааруулж чадвал тэдэнд хичээл заахад ч дөхөм байдаг. Урианы хувьд Боловсролын яамнаас дэвшүүлж буй хүүхэд нэг бүрийг сургах зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө эх хэл, соёлоо эрхэмлдэг үндэсний ухамсар сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэхийг зорьж байна.
-Монгол бичгийн туршлагатай тэргүүний багшийн хувьд таныг амжилтаасаа хуваалцахыг хүсэж байна?
-Би боловсролын салбарт 8 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд монгол хэл бичгийн аймгийн 6 удаагийн аварга, хошой мөнгө, монгол бичгийн улсын олимпиадад 2012 онд мөнгөн медаль, 2015 онд алтан медаль хүртэж улсын аварга болсноороо бахархаж явдаг. Мөн 2012 онд МИУС-ийн нэрэмжит монгол бичгийн улсын олимпиадад тэргүүн байр эзэлсэн.
“Ертөнц” төвөөс зохион явуулсан “Үндэсний өв соёлоо түгээгч,тээгч 2015” уралдаанд тэргүүлэн үндэсний өв соёлоо түгээгч шилдэг багш болсон.
Багш хүний хувьд бахархал нь шавь нар минь байдаг. Тэр дундаа өөрийн гарын шавиараа бахархах нь хамгийн сайхан. Шавь нараас минь аймаг, бүс, улсын уралдаан олимпиадад тэргүүлсэн нь олон.Тухайлбал М.Мөнхжаргал, Г.Ургамал, Н.Нямцэцэг, О.Сарангэрэл нар монгол бичгийн аймгийн олимпиадад 2011-2014 онуудад дөрвөн жил аймагтаа тэргүүлэн улсын олимпиадад амжилттай оролцож байлаа. 2014 онд шавь Г.Ургамал Монгол бичгийн улсын олимпиадад тэргүүн байр эзэлсэн.
Аймгийн монгол хэлний олимпиадад 2014,2015 онд шавь Г.Ургамал,Н.Нямцэцэг нар түрүүлж, улсад оролцон Н.Нямцэцэг улсад тусгай байр эзэлсэн. Мөн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд манай сургууль ихээхэн ач холбогдол өгч оролцдог. Анх зохиогдсон үеэс нь өдгөө хүртэл тогтмол эхний шагналт байруудыг эзэлдэг. Энэ сайхан уламжлалаа хадгалж явахыг хичээдэг. Шавь Г.Ургамал 2013 онд энэхүү уралдаанд дэд байр, 2014 онд тэргүүн байр, Н.Нямцэцэг 2015 онд улсад гутгаар байр эзэлсэн.
-Орон нутгийн сургуулиудад монгол бичгийн хичээлийн сурах бичиг, багш нар хэр хүрэлцээтэй байна вэ?
-Монгол бичгийн сурах бичгийн хүрэлцээ боломжийн хүртээмжтэй. Манай аймагт Ховд их сургууль гэж эрдмийн их уурхай бий. Бусад аймгуудыг бодвол багш бэлтгэдэг илүү давуу талтай. Гагцхүү мэдлэг нь харьцангуй өөр өөр түвшинд байгаа. Багш нар өөрсдийгөө дадлагажуулах, чадавхижуулахад анхаарах нь зүйтэй мэт санагддаг.
-Монгол бичгийг төрийн бичиг болгох, түүнийг түгээн дэлгэрүүлэхэд багш таны хувьд энэ зорилгыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
-Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II -ыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд шавь нартаа заахаас гадна албан байгууллагуудад монгол бичгийн хичээл заадаг.Тухайлбал Ховд аймгийн Халамжийн газар, Цагдаагийн газрын хамт олонд жилийн турш тодорхой хөтөлбөрийн дагуу монгол бичгийн хэчээл заасан. Одоо үр өгөөжий нь харж байна. Дэлхийд ганцхан босоо бичгээ дээдэлдэг эдгээр албан байгууллагатай хамтран ажиллахдаа баяртай байдаг.
-Сурагчид монгол бичиг сурах сонирхол хэр байдаг вэ?
-Өнгөрсөн жил монгол бичгийн сургалт судалгааны “Ертөнц” төвөөс зохион явуулсан анги нийтийн улсын уралдаанд 9 “б” ангийг бэлтгэн оролцсон.Энэ анги 30 сурагчтай.Долоон сарын турш тэдэнтэй ажиллаж 9 дүгээр ангийн төрөлд тэргүүн байр эзэлсэн. 9”б” анги маань “Үндэсний өв соёлоо тээгч” шилдэг анги,багш миний хувьд “Үндэсний өв соёлоо тээгч,шилдэг багш” болсон.Энэ амжилт шавь нарт минь төдийгүй багш надад хүүхэд нэг бүртэй ажиллах урам зориг өгсөн сайхан уралдаан болж өнгөрсөн.
-Таны ажиллаж байгаа Цаст Алтай цогцолбор сургуулийн удирдлагууд монгол бичгийн хичээлд хэр ач холбогдол өгдөг вэ?
-Сургуулийн удирдлагууд эх хэлний сургалтанд маш их анхаардаг.Өнгөрсөн жилд сургуулийн захирал,менежерүүдийн санаачилгаар сургуулийн хаяг, хамт олны нэрийг бийрийн уран бичгээр бичиж сургуульдаа байршуулсан нь монгол бичгийн сургалтын орчныг бүрдүүлсэн томоохон ажил байлаа.
Багш бүр монгол бичгээр нэрээ бичсэн энгэрийн тэмдэгтэй. Өнгөрсөн жил зохиолчид манай сургуульд ирж уулзалт хийхэд Ардын уран зохиолч Т.Галсан” Жинхэнэ монгол сургуулиар орж ирлээ” гэж үнэлсэн нь бидэнд хамгаас сайхан,их урам хайрласан.
Хүүхдүүдийн маань хувьд монгол бичгээ сурах хүсэл тэмүүлэл дүүрэн байдаг.Өөрөөр хэлбэл монгол бичгийн сургалт бол манай сургуулийн брэнд сургалт.
-Нэгэн үе гадаад хэл,математикийн хичээл шүтэгдэж,эх хэлний мэдлэгээ орхигдуулах хандлага түгээмэл болж,зөв бичих дүрмийн мэдлэг суларсан шүү дээ?
-Техник технелоги,мэдээлийн шинэ эрин зуунд хүн өөрийгөө бүхий л талаар хөгжүүлэх боломжтой.Энэ зуун,энэ нийгэмтэй хөл нийлүүлэн алхахад гадаад хэл нэн чухал.
Гэхдээ хүн эх хэлдээ сайн эзэмшээгүй байж, гадаад хэл сурах нь нэлээд бэрхшээлтэй. Эх хэл гэдэг эрдмийн түлхүүр байдаг. Эх хэлдээрээ зөв сайхан ярьж, бичиж, өөрийнхөө санааг бүрэн дүүрэн илэрхийлж чадвал хэн ч гадаад хэлийг амархан сурч чаддаг. Монгол хэл нь бусад шинжлэх ухааны оньсон түлхүүр нь болдог.Эх хэл, монгол бичиг бол эрдэм мэдлэгтэй хүний мөнхийн дагуул гэдэг шүү дээ.
-Монгол бичгээр гардаг монголдоо ганц байдаг “Хүмүүн бичиг” сониноо захиалж уншиж, ашигладаг уу?
-“Хүмүүн бичиг сонин” бол Монголд монгол бичгээр гарч буй ганц сонин. Тиймээс бид захиалж хичээл сургалтандаа ашигладаг. Өнгөрсөн жил монгол бичгийн сонгоны сурагчид бүгдээрээ захиалсан. Энэ жил бид эх хэлний хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан анги нийтээрээ захиалж унших гэж байна.
А.Бямбасүрэн
Сэтгэгдлүүд