Орон сууцны үнийн индекс 11.7 хувьтай гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-09-09 18:17:49

Өнгөрсөн наймдугаар сарын орон сууцны үнийн индекс 11.7 хувьтай гарлаа. 

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани хараат бусаар орон сууцны үнийн индексийн судалгааг гаргадаг бөгөөд энэ удаа 4954 орон сууцны үнийг хамруулжээ. Тухайн сард зах зээлд нийлүүлсэн шинэ болон хуучин орон сууцны үнэ буурч байгаа нь орон сууцны дундаж үнэ сүүлийн саруудад буурахад нөлөөлсөн хэмээн мэдэгдлээ. 
“Тэнхлэг зууч” компани 2013 оны нэгдүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт өнгөрсөн  оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан.Дээрх үзүүлэлтийг  оны эхэн үетэй харьцуулбал  -6.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -10.08 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 22.8 хувьтай гарсан нь өмнөх сараас -1.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Шинэ орон сууцны 1м.кв-ын дундаж үнэ өнгөрсөн сарын байдлаар 2 сая 800 мянган төгрөг болж өмнөх сараас 3.0 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 6.2 хувиар буурсан байна. Харин хуучин орон сууцны үнийн индекс өмнөх сараас -0.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс -13.9 хувиар буурчээ.  Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 90 сая 400 мянга  болж өмнөх сараас 0.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар тус тус буурсан байна.  Тодруулбал БЗД-ийн “Баянмонгол” хороололд өнгөрсөн оны мөн  сард 1 м2  байрны дундаж үнэ 2 сая 250 мянган  төгрөг байсан бол  энэ оны 8 дугаар сарын байдлаар 2 сая 20 мянган төгрөг болж 10.2 хувиар буурсан байна.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд