Яруу найрагч Э. Гантулга “Болор цом”- ын эзэн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-15 09:42:46

Дундговь аймгийн яруу найрагчдын уламжлалт “Болор цом” наадмын тэргүүн байрыг залуу яруу найрагч  Э. Гантулга эзэлж, Болор цомоо гардан авав.

Өнгөрөгч амралтын өдөр болсон яруу найргийн наадамд 30 гаруй яруу найрагч шүлгэн хүлгээ сойн уралдуулж, сүүлийн шатанд таван яруу найрагч шүүгчдийн үнэлгээгээр тунаж үлдсэн бөгөөд хамгийн өндөр оноогоор яруу найрагч Э. Гантулга ийнхүү Болор цомын эзэн болсон юм.

Удаад нь залуу яруу найрагч И. Оюун- Эрдэнэ, гуравдугаар байрт  З. Сумъяабазар, түүний араас Авирмэд, яруу найрагч О. Гончигсүрэн дараалав.

Энэ удаагийн “Болор цом”- ыг Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт С. Дашдооровын нэрэмжит болгосон бөгөөд яруу найрагчид эхний шатанд С. Дашдооров, түүний намтар уран бүтээл, төрж өссөн нутагт нь хүндэтгэл үзүүлсэн шүлэг уншсан юм.

Мөн энэ наадмыг бүтэн жилийн турш тэмдэглэн  өнгөрүүлж байгаа Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулж байгааг ч зохион байгуулагчид хэлж байсан. Тэртээх 90- ээд оны эхэнд хөдөөд ардчилсан хувьсгалыг эхлүүлэхэд аймгийн утга зохиолын нэгдэл, урчуудын эвлэлийн салбарын уран бүтээлчдийн оролцоо их байсан бөгөөд уран бүтээлээрээ тэд үзэл санааны хувьсал хийж явсан байна. Энэ үүднээс өнөө жилийн “Болор цом” наадмыг ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор мөн тодотгож байгааг Утга зохиолын нэгдлийн дарга Ж. Мөнхтөр хэлсэн юм.

Өнөө жилийн “Болор цом”- ыг Нацагдоржийн шагналт яруу найрагч П. Нямлхагва, яруу найрагч О. Элбэгтөгс, аймгийн Утга зохиолын нэгдлийн дарга Ж. Мөнхтөр нар шүүн тунгаав.

Дундговь Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ