Терроризмтой тэмцэх лалын эвсэл байгуулснаа Саудын Араб мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-12-15 09:49:24

ЭЛЬ-КУВЕЙТ. /TASS/. Саудын Арабын удирдлаган дор терроризмтой тэмцэх лалын цэргийн эвсэл байгуулагдлаа. Уг эвсэлд лалын шашинтай 30 орон багтсан тухай Саудын Арабын Засгийн газрын хэвлэл, мэдээллийн агентлагийн нийтэлсэн мэдээлэлд дурджээ.

Терроризмтой тэмцэх эвсэлд Саудын Арабаас гадна, Иордан, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Пакистан, Бахрейн, Турк, Судан, Сомали, Палестин, Катар, Кувейт, Ливан, Ливи, Малайз, Египет, Нигери, Йемен улс нэгджээ. Мөн Индонез зэрэг лалын шашинт 10 гаруй орон ийм эвсэл байгуулахыг дэмжсэнийг мэдээлэлд тэмдэглэсэн байна.

“Мэдэгдэлд дурдсан улс орнууд Саудын Арабын удирдлаган дор цэргийн эвсэл байгуулах шийдвэрийг гаргасан” гэж тус улсын хэвлэл, мэдээллийн агентлаг мэдээлжээ. Уг эвслийн үйл ажиллагааг зохицуулж, цэргийн ажиллагаа явуулах нэгдсэн штаб нь Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод байрлах аж. Ингэхдээ эвсэл нь үйл ажиллагаагаа найрсаг орнуудтай болон олон улсын байгууллагуудтай зохицуулахаар төлөвлөж байгааг онцлон дурдсан байна.

Терроризмтой тэмцэх эвсэл байгуулсан талаар Саудын Арабын Батлан хамгаалахын сайд Мухаммед бен Сальман Аль Сауд тайлбар өгөхдөө, уг эвсэл нь “Лалын улс” зэрэг аюул учруулж буй террорист бүх бүлэглэлтэй тэмцэнэ гэж мэдэгджээ. Эвсэл нь зөвхөн “Лалын улс” бүлэглэлтэй төдийгүй, “бидэнд аюул учруулж буй террорист ямар ч бүлэглэлтэй” тэмцэнэ гэж Саудын Арабын сайд хэлснийг уламжилсан Ройтерс агентлаг онцлон тэмдэглэсэн байна. Эвсэл үйл ажиллагаагаа дэлхийн тэргүүлэх гүрнүүдтэй болон олон улсын байгууллагуудтай зохицуулахаар төлөвлөж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ