Бага насны хүүхдийг гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг анхааруулав

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2015-12-16 11:39:12

ЕБС-ийн сурагчдын өвлийн амралт удахгүй эхлэхтэй холбогдуулан бага насны хүүхдийг  харгалзах хүнгүйгээр орхихгүй байх, хараа хяналтаа дээшлүүлэхийг эцэг эх, асран  хамгаалагч нарт ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа.

Энэ онд улсын хэмжээнд нийт 4377 удаагийн объектын гал түймэр бүртгэгдсэнээс галд 34 хүн түлэгдэж гэмтсэнээс 10  нь хүүхэд байсан байна. Гал түймрийн улмаас 50 хүн нас барсны 12 нь бага насны хүүхэд байгаа юм.

Зөвхөн нийслэлийн хэмжээнд гарч байгаа гал түймрийн шалтгаан нөхцлийг авч үзвэл нийт галын 64 хувийг ил задгай хог, өвс шатсан, 10 хувь нь цахилгаан ашиглалтын буруугаас, 7 хувь нь пийшин зуух, яндангийн цоонолтоос үүссэн гал түймэр эзэлж байна.

Иргэд гал түймрийн аюулаас үр хүүхэд, гэр орон, эд хогшлоо хамгаалахын тулд пийшингийн галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй байх, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт цоожилж үлдээхгүй байхыг сэрэмжлүүллээ.

Б.Туул

 

Холбоотой мэдээ