Хүний амь егүүтгэсэн хэрэгтэнд 16 жилийн хорих ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-16 12:32:55

Сэлэнгэ амйгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх энэхүү хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 16 жилийн хорих ялыг чанга дэглэм бүхий хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргав.

Энэ оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Нэгдүгээр багийн нутаг "Хогийн хонхор" гэх газар хоолойгоо хэрчүүлсэн байдалтай нас барсан хүний цогцос олдсоны мөрөөр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж уг хэргийг Б гэгч нь үйлдсэн болохыг тогтоосон юм. Сэлэнгэ аймгийн сум дундын хоёрдугаар прокурорын газар яллагдагч Б-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан зүйлчлэлээр ял сонсгож, яллагдагчаар татаж яллах дүгнэлт шүүхэд шилжүүлсэн. Сум дундын шүүх энэхүү хэргийг хянан хэлэлцээд Б-г онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 16 жилийн хорих ялыг чанга дэглэм бүхий хорих ангид ял эдлүүлэхээр ийнхүү шийджээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ