Дуут сумын эмнэлэг байгальд ээлтэй загвар эмнэлэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг сум, аймгийн ОНХС-ийн болон Германы Эдийн Засгийн Хөгжил Хамтын Ажиллагааны Яамны хамтарсан хөрөнгө оруулалтаар 180 сая төгрөгөөр дулаалгын засвар шинэчлэл хийж энэ сарын 07-нд улсын комисст хүлээлгэн өглөө.
Барилгын засварын ажлыг Буянтын Боргио ХХК нь 45 хоногийн хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн хэмээн төслийн багийнхан онцоллоо.
Энэхүү дулаалгын засвар шинэчлэлийн ажил нь иргэдийн оролцоотой төлөвлөлт, төсөвлөлтийн үр дүнд Орон Нутгийн Хөгжлийн Сан /ОНХС/- гаас 40 хувийн санхүүжилтийг шийдвэрлэсэнээр үлдсэн хэсгийг олон улсын хөрөнгө оруулалгчдаас санхүүжүүлэх боломж бүрдсэн байна.
Иргэд ОНХС-ийн хөрөнгийг төсөвлөх, төлөвлөх үйл явцад саналаа өгөх байдлаар оролцож сумынхаа хөгжил дэвшлийн төлөө ирээдүйгээ харсан томоохон хөрөнгө оруулалтын ажил хийж болдогийн нэг жишээ нь энэ боллоо.
Энэхүү дулаалгын засвар шинэчлэлийн үр дүнд сумын иргэд тав тухтай дулаахан орчинд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авах , эмч эмнэлэгийн ажилтанууд тохь тухтай орчинд ажиллаж иргэддээ чанартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэнд тус эрүүл мэндийн төвийн ахмад ажилтанууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Өнөөгийн нийгэмд тулгамдсан хамгийн том асуудал бол агаарын бохирдлоос улбаатай дэлхийн дулаарал буюу уур амьсгалын өөрчлөлт билээ. Тэгвэл энэ засвар шинэчлэлийн үр дүнд тухайн барилгын халаалтын зардал 50-60 хувиар буурах бөгөөд ингэснээр агаарын бохирдолыг бууруулах боломжтой болж байгаа ажээ.
Энэ мэтээр иргэд аж ахуйн нэгжүүд байшингаа дулаалснаар халаалтын эрчим хүчний зардлаа бууруулаад зогсохгүй агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэрээ оруулж байгаа сайн үйлс юм. Ус, тог цахилгаанаа хэмнэх, дулааны эрчим хүчээ хэмнэх нь бидний зайлшгүй хийх нэн тэргүүний үйлдэл болоод байна.
Барилга байгууламжийн дулаан алдагдалын дийлэнх хувь нь цонх, хана, дээвэр, шал гэх мэт хаших бүтээцээрээ алдагддагыг мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Гэвч үүнийг эдийн засгийн үр ашигтай аргаар шийдвэрлэх арга замыг оновчтой хэрэгжүүлж чадаагүйгээс ашиггүй зардал гарч саяхныг хүртэл төдийлөн үр дүнд хүрэх боломжгүй байсныг “Эрчим Хүчний Үр Ашиг” төслөөр шийдвэрлэх боломжтой болсон юм. Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрчим Хүчний Үр Ашиг төсөл тус аймагт үйл ажиллагаагаа явуулаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Дуут сумын эмнэлгээс өмнө 2014 оны зун Жаргалант сумын 5-р цэцэрлэгийн барилгад дулаан техникийн засвар шинэчлэл хийжээ.
А.Бямбасүрэн
Сэтгэгдлүүд