Боловсролын салбар үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэнээр 6 тэрбум төгрөг хэмнэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-17 14:54:11

Аж үйлдвэрийн яамнаас үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулж байна.

Энэ ажил эхнээсээ үр дүн өгч эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн онд Аж үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яамтай  хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар Батлан хамгаалахын салбар хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авсан байна.

Тэгвэл энэ ажлын үргэлжлэл болгон Аж үйлдвэрийн яам боловсролын салбарт нийлүүлэх боломжтой дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулах өдөрлөгийг энэ сарын 15-нд зохион байгуулжээ.

 Боловсролын салбарын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээс хангаснаар  6 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэдгийг албаныхан тодотгож байна. Тодруулбал боловсролын салбарт зөвхөн сурагчийн ширээ, сандалын хэрэгцээнд жилд ойролцоогоор 2.3 тэрбум төгрөг зарцуулдаг аж. Ингэхдээ Япон, БНХАУ зэрэг  оронд үйлдвэрлэсэн сандал, ширээг нийлүүлдэг байна. Импортлосон  сурагчийн ширээ, сандал нэг бүр нь 200 гаруй мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Харин дотооддоо үйлдвэрлэсэн сурагчийн ширээ, сандал 120 мянга орчим төгрөг бөгөөд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэнээр 6 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн судалгааг Аж үйлдвэрийн яам гаргажээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ