Говьсүмбэр аймгийн Шүүхийн Тамгын газар ажил үйлсээрээ манлайлав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-17 15:37:43

Шүүхийн Тамгын газруудын 2015 оны ажлын үнэлгээг танилцуулах, 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болж Ажлын үнэлгээгээр Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газар 92.95 оноогоор "Бүрэн хангалттай” үнэлгээ авч тэргүүлэв.

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдад тэргүүн байрын өргөмжлөлийг нь гардуулж, ажлын амжилт хүсэв. Удаах байранд 91.75 оноогоор Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар "Бүрэн хангалттай” үнэлгээгээр шалгарч өргөмжлөл хүртсэн бол гуравдугаар байранд 90.90 оноогоор Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар "Бүрэн хангалттай” үнэлгээ авч шалгарчээ.

Мөн энэ үеэр төсвийн шууд захирагч, шүүхийн Тамгын газрын дарга нартай Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, төсвийн ерөнхийлөн захирагч Н.Лүндэндорж  2016 оны үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурах ёслол боллоо. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж " Товчхондоо бол 2015 он бидний ялалтын он байлаа. Гэхдээ цаашид анхаарах, 2016 онд хийж, хэрэгжүүлэх, засч сайжруулах ажлууд бас бий. Ялангуяа шүүхийн захиргааг мэргэшүүлэх, хэргийн хөдөлгөөнийг зөв зохион байгуулах тал дээр анхаарах ёстой. Тамгын газрын дарга нарын хувьд шүүгчтэй хүндэтгэлтэй харьцах нь зөв. Дотоод аудит байгуулагдсаны үр дүнд бүх шүүхийн тамгын газруудад очиж ажилласан. Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэдээллээс харахад Тамгын газрын дарга нарын санхүүгийн баримт бүрдүүлэх, гарын үсэг зурж байгаагийн хариуцлагыг мэдрэх асуудал хангалтгүй байна. Хяналт дутуу тавих, нягтландаа хөтлөгдсөн байдал их ажиглагдаж байсан. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

2016 он хэмнэлтийн жил байх болно. Шүүхийн төсөв 5.8 тэрбум төгрөгөөр буурсан. 2016 онд бид шүүгчийн сургалтад онцгой ач холбогдол өгнө. 2016 онд шүүхийн тамгын газар, шүүхийн захиргааг бэхжүүлэх, мэргэшүүлэх он болгоно" гэв. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ