ЭМС-ын сайдыг яаралтай томилохыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-21 15:01:16

УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэрээ ЭМС-ын сайдыг яаралтай томилохыг шаардаж байгаагаа илэрхийлэв.

Уг томилгоог хийхдээ сайдын суудлыг эзэнтэй болгох биш, мэргэжлийн хүнийг томилох шаардлагатай хэмээн үзэж байгаагаа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар мэдэгдэв. Эрүүл мэндийн салбарыг нэг намд хуваарилсан гээд улс орны нөхцөл байдалд хүнд байгаа энэ үед томилгоог хийхгүй байх нь иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг дэнчинд тавьсантай адил явдал болж байна гэж тэдгээр гишүүд үзэж байна. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт томилгоотой холбоотой албан тоот хүргүүлнэ гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “Өнгөрсөн 3,5 жилийн хугацаанд Эмэгтэйчүүдийн бүлэг олон ажил хийсэн. Тухайлбал, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлууллаа. Энэ хууль 2016 оны эхнээс хэрэгжинэ. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг боловсруулахад 3 жилийн турш ажиллаж байна. Ирэх оны эхэн гэхэд батлуулчих байх. Тамхины хяналтын тухай хуулийг батлуулсан гэх мэтчлэн олон ажлыг хамтарч хийсэн” гэлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ