Хүүгээ хөнөөсөн эх найман сартай жирэмсэн байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 11:36:15

Энэ сарын 18-нд буюу өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багт оршин суугч Д гэгч эмэгтэй 2 настай хүүгээ хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг гарсан. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг дарга Ш.Наранцэцэгтэй утсаар холбогдож тодрууллаа.

Тэрээр:”Энэ эмэгтэй бол манай сумын иргэн биш. Манай сумын нутаг дэвсгэрт өвөлжиж байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын малчин өрх Х.О-ын эхнэр юм. Эднийх 3 хүүхэдтэй. Бага хүүгээ эхнэр  нь хөнөөсөн хэрэг гарсан. Эхнэр нь одоо 8 сартай жирэмсэн юм билээ. Тэрээр Орхон аймгийнхаа эмнэлэгт очиж жирэмснийхээ хяналтанд үзүүлчихээд баахан эм тариатай ирсэн гэсэн. Тэгээд уух заавраа мэдэхгүй байсан болохоор, нөхөр нь уулан дээр гарч эмчтэй нь холбогдож, эм уух зааврыг нь аваад ирэх хооронд хүүгээ хөнөөгөөд, өөрийгөө хүзүү болон зүрхэн тус газраа хутгалсан байсан байжээ. Манай Баруунбүрэн сумын нутаг дэвсгэр дээр гарсан учраас олон нийт манай сумаас онц ноцтой хэрэг гарлаа хэмээн ойлгоод байна аа. Үүнийг залруулж өгөөч. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр учраас Хөтөлийн цагдаа нар энэ хэрэг дээр ажиллаж байгаа” хэмээн тайлбар өглөө.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум нь Орхон аймгийн Жаргалант сумтай хил залгаа оршдог бөгөөд Орхон сумын Жаргалант, Баян-Өндөр сумдын 50  малчин өрх тус сумын нутаг дэвсгэрт малтайгаа өвөлжиж байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг   

 

Холбоотой мэдээ