Д.Даваажав “Залуучууд судлал-2015” цомын эзэн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-11 13:52:50

“Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд ХАХНХЯ, Монголын Залуучуудын холбоо хамтран “Залуучууд судлал” уралдаант эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Уг эрдэм шинжилгээний бага хуралд өрсөлдөхөөр залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, улс төрийн оролцоо, сэтгэл зүй ба гэр бүл төлөвлөлт зэрэг залуучууд судлалыг хөгжүүлэхэд нөлөөлөхүйц таван гол сэдвээр 50 гаруй илтгэгч бүртгүүлсэн юм. Үүнээс шалгарсан 20 илтгэлийг эрдэм шинжилгээний бага хурлын үеэр танилцуулж, шилдгүүдийг шалгарууллаа.  Нэгдүгээр байрт ШУТИС-ийн багш, доктор, дэд проффесор Д.Даваажавын “Ажлын байранд шаардагдах хэрэглээний боловсролын инноваци, хэрэгжилтийн үр дүн” илтгэл шалгарч, “Залуучууд судлал-2015” цомын эзэн боллоо. Харин хоёрдугаар байрт Монгол Үндэсний хөгжлийн төлөөх оюутны холбооны тэргүүн Э.Батсайханы “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд залуу хүн миний оролцоо” илтгэл, гуравдугаар байрт Олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхмийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнийн “Залуучуудын гэр бүлийн боловсролын өнөөгийн тулгамдаж буй асуудал” илтгэл тус тус шалгарлаа.

Шилдэг илтгэгчийг илтгэх урлаг, асуултад хариулах чадвар, судалгааны ажлын үндэслэл, залуучууд судлалд хэрэгцээ шаардлагатай сэдэв мөн эсэх, шинэлэг санаа, практик ур чадвар, цаг барих байдлыг харгалзан үзэж шалгаруулжээ.

Б.Туул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд