“Хезболла”-д дахин цохилт өгөхийг тушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2026-04-27 09:02:07

ТЕЛЬ-АВИВ, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kazinform/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ливан дахь “Хезболла” бүлэглэлийн объектуудад "шийдэмгий цохилт өгөхийг" тушаасан тухай BBC суваг мэдээлжээ. 


Израилын арми мэдэгдэхдээ, “Хезболла” бүлэглэл гал зогсоох тохиролцоог зөрчин Ливаны өмнө нутгийн Кантара муж орчимд Израилын цэргүүдийн байрлал руу дроноор довтолсон гэжээ. Мөн танк эсэргүүцэгч пуужингийн нууц агуулахыг илрүүлж, "15 гаруй террористыг устгасан" гэж мэдээлсэн байна.


Израил, “Хезболла” бүлэглэлийн хоорондох мөргөлдөөн хэдэн долоо хоногийн турш үргэлжилж байгаа юм. Ираны дэглэм олон жилийн турш тус бүлэглэлийг зэвсэг, санхүүгээр дэмжиж ирсэн нь тэднийг "улс доторх улс" болон хувирахад нөлөөлжээ.


АНУ, Израил хамтран Иранд цохилт өгсний дараа “Хезболла” бүлэглэл холбоотныхоо талд мөргөлдөөнд татагдан орсон бөгөөд түүнээс хойш Израилын нутаг руу тогтмол пуужин харвах болсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гал зогсоох хугацааг гурван долоо хоногоор сунгасныг саяхан зарласан боловч бодит байдал дээр жижиг мөргөлдөөнүүд үргэлжилсээр байгаа бөгөөд дайн дахин дэгдэхэд ойрхон байна гэж ажиглагчид үзэж байна.

Холбоотой мэдээ