СҮХБААТАР: Уртын голын цэцэрлэгт хүрээлэн хэвлэлийнхний анхаарлыг татлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odonchimeg@montsame.mn
2026-04-27 16:44:46

Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Бүс нутгийн сэтгүүлчдийн өргөтгөсөн форумд оролцсон хэвлэл мэдээллийн байгууллагын 70 гаруй ажилтан Сүхбаатар аймагт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.


Тэдний анхаарлыг Уртын голын дагуух цэцэрлэгт хүрээлэн онцгойлон татсан бөгөөд хоёр километр гаруй үргэлжлэх уг томоохон бүтээн байгуулалт нь орон нутгийн хөгжил, тохижилтын нэгэн чухал жишээ болж байгааг онцолж байв.


Голын голдирлыг дагуулан байгуулсан энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь орон нутагт анхдагч, улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох бүтээн байгуулалтын нэг юм. Нийт 2.5 км урттай бөгөөд 300 гаруй авто машины зогсоолтой. Түүнчлэн дотроо мини парк, задгай мини театр, үйлчилгээний цэгүүд, явган болон дугуйн зам зэрэг бүхий л шаардлагатай дэд бүтэцтэй цогц орчныг бүрдүүлсэн.


Мөн 18 нэр төрлийн 100 мянга гаруй мод, модлог ургамал тарьж ургуулсан нь байгальд ээлтэй, ногоон хөгжлийн жишиг бүтээн байгуулалт болж байгааг харуулж байна.


Зай талбайн зохион байгуулалт өргөн, чөлөөтэй тул иргэд бусдад саад учруулахгүйгээр амарч зугаалах, спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх тав тухтай орчин бүрдсэн гэж зочид сэтгэгдлээ илэрхийлэв.

Түүнчлэн иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн шийдлүүдийг сэтгүүлчид онцлон сайшааж байлаа. Тухайлбал, явган хүний замыг халтиргаа гулгаанаас сэргийлсэн резинэн материалаар хийж, 500 метр тутамд 24 цагийн хяналтын камер байршуулсан нь иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амрах нөхцөлийг бүрдүүлсэн үр дүнтэй шийдэл болсон байна.


Зөвхөн гол дагасан тохижилт төдий бус, аймгийн өнгө төрхийг шинэ түвшинд гаргаж, иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн, амарч зугаалах орчин бүрдүүлсэн томоохон бүтээн байгуулалт болсныг хэвлэл мэдээллийн төлөөлөл онцлов.


Уртын голын цэцэрлэгт хүрээлэн нь орон нутгийн хөгжил, ногоон байгууламж, иргэдийн амьдрах орчны чанарыг илэрхийлэх шинэ жишиг бүтээн байгуулалт болж байна.










Холбоотой мэдээ