АРХАНГАЙ: “Дүдү машин-2026” уралдааны аваргууд тодорлоо

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2026-04-27 14:11:48

Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн аварга шалгаруулах “Дүдү машин-2026” уралдааныг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас энэ сарын 24-ний өдөр зохион байгууллаа.


Уралдаанд 5-7, 8-10, 11-13, 14-17 насны ангиллаар нийт 50 гаруй хүүхэд оролцов.

5-7 насны ангилалд Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн сурагч Д.Тэнгис-Эрдэнэ тэргүүлсэн бол 8-10 насны ангилалд Өлзийт сумын сургуулийн сурагч Б.Хангай, 11-13 насны ангилалд мөн Өлзийт сумын сургуулийн сурагч Л.Итгэлмаа, 14-17 насны ангилалд А.Тэмүүлэн нар тус тус тэргүүллээ.


Насны ангилал тус бүрийн I, II байрт шалгарсан хоёр сурагч улсын уралдаанд оролцох эрхтэй боллоо.


Тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад математик, инженерчлэлийн суурь мэдлэг олгож, техникийн сэтгэлгээг хөгжүүлэх, ирээдүйн шинийг санаачлагч, бүтээгчдийг дэмжих зорилготой юм. Хүүхдүүд өөрсдийн гараар машин бүтээснээр асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээ зэрэг ур чадваруудыг эзэмшдэг байна.


Дүдү машины уралдаан нь тусгайлан бэлтгэсэн хашлагатай, налуу зам дээр явуулдаг. Машины бүтцэд дараах шаардлагыг мөрддөг байна. 

  1. Дугуйн холхивч болон втулк ашиглахыг хориглоно.
  2. Пүрш ашиглахыг зөвшөөрөхгүй.
  3. Зөвхөн албан ёсны Дүдү машины уралдаанд зориулсан дугуй, тэнхлэгийг ашиглана.
  4. Зөвхөн хуурай төрлийн тосолгооны материалыг хэрэглэнэ.
  5. Жолооны хүрд болон жолоодлогын эд ангиуд нь тогтоосон урт, өргөн, жингийн дээд хязгаараас хэтрэхгүй байна.
  6. Машины дугуй нь чөлөөт эргэлттэй бөгөөд ямар нэгэн хөдөлгөгч төхөөрөмжгүй байна.
  7. Уралдаанд оролцох бүх машиныг техникийн үзлэгт хамруулна. Үзлэгт тэнцээгүй тохиолдолд шалтгааныг эзэнд нь мэдэгдэж, зөрчлийг арилгах тодорхой хугацаа олгоно.