ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд түүх, соёлын үл хөдлөх 237 дурсгал бүртгэлтэй байна

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2026-04-21 16:53:15

Дархан, 2026 оны дөрөвдүгээр 21 /МОНЦАМЭ/. Аймгийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар түүх, соёлын үл хөдлөх 59 дурсгалт газарт хамаарах нийт 237 дурсгал албан ёсоор бүртгэлтэй байна. Эдгээрийг долоон төрөлд ангилдаг байна.


Тодруулбал, хадны зураг, бичгийн дурсгалт таван газарт 5 дурсгал, булш, оршуулгын 21 дурсгалт газарт 196 дурсгал, тахил, тайлгын гурван байгууламжид 3 дурсгал, барилга, архитектурын 26 дурсгалт газарт 27 дурсгал бүртгэгдсэн байна. Мөн буган чулуу, хөшөө чулуу зэрэг хөшөө дурсгалын гурван газарт 5 дурсгал, үйлдвэрлэлийн ул мөр хадгалсан нэг дурсгалт газарт 1 дурсгал тус тус бүртгэлтэй байна.



Эдгээр нь 1990  оноос өмнөх бөгөөд түүнээс хойших түүх, соёлын дурсгалыг албан ёсоор бүртгэх шийдвэр гараагүй бөгөөд 60  гаруй дурсгалт байдаг.


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад нэг дурсгал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 тоот тушаалаар аймаг, нийслэлийн хамгаалалтад нэг дурсгал, аймгийн ИТХ-ын 2020 оны 14 дүгээр тогтоолоор сумын хамгаалалтад таван дурсгал тус тус батлагдсан байна. Ингэснээр нийт долоон хамгаалалтын зэрэглэлтэй 52 дурсгал хамгаалалтад хамрагдаагүй байна.


2025 оны тайлант жилийн бүртгэлээр аймгийн нутаг дэвсгэрт байрлах дурсгалт газруудад гэмтсэн, тоногдсон, зөөгдсөн, алга болсон дурсгал болон археологи, палеонтологийн малтлага, судалгаа хийгдсэн дурсгал бүртгэгдээгүй талаар аймгийн музейн бүртгэл мэдээллийн санч М.Мөнхтуяа мэдээллээ.


Дээрх 237 дурсгалаас Хонгор сумын нутагт байрлах Хүйтний голын бичигт хад нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад, Шарын гол сумын Буган чулуун хөшөө нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 тоот тушаалаар аймгийн хамгаалалтад тус тус оржээ.

Мөн Хонгор сумын нутаг дахь Ногоон толгойн булш, хиргисүүр, Хүйтний хурлын туурь, Суваргатай хадны бичээс, Чингисийн морины уяа, Орхон сум дахь Адуунчулуун уулын суваргатай хад, Адуунчулуун уулын өврийн бичээс зэрэг дурсгалууд сумын хамгаалалтад байна.


Бусад хөшөө, дурсгалыг сумдын соёлын төв, иргэд, байгаль хамгаалагчид арчлах, хамгаалах ажлыг хийж байна.



Уг өдрийн хүрээнд аймгийн музей “Найрамдал”  хөшөө, дурсгалын гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж байна.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ны өдрийг “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын өдөр” болгон 1983 оноос тэмдэглэх шийдвэрийг ЮНЕСКО-гийн Ерөнхий ассамблейн XXII чуулганы хуралдаанаар гаргасан байдаг. Манай улс энэхүү конвенцод 1990 онд нэгджээ. Уг өдрийг тохиолдуулан аймгийн музей “Найрамдал” хөшөө, дурсгалын гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж байна.