“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн зорилт, төлөвлөгөө, хэрэгжилтийн явцыг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2026-04-17 13:34:27
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөллийг дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзан, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, хүрч буй үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцлоо.


Уулзалтад БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газрын Бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо, Дэ Нейче Консерванси (TNC) Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах, Удирдах зөвлөлийн гишүүн Ө.Азжаргал нар оролцож, “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн зорилт, төлөвлөгөө, хэрэгжилтийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.


Мөн Монгол Улсад анх удаа байгуулсан байгаль хамгааллын итгэлцлийн санг олон улсын сайн засаглал, шилдэг туршлагад нийцүүлэн хөгжүүлж буй талаар танилцууллаа.


Уулзалтын үеэр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, тогтвортой санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох, хөтөлбөрийн зорилтот үр дүнд хүрэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд талууд цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв.

Холбоотой мэдээ