Тероподуудын чулуужсан мөрүүдийг Монголоос олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2026-04-16 17:05:20

ОКАЯМА, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /The Asahi Shimbun/. Олон улсын судлаачдын баг Монголын нутаг дэвсгэрээс илрүүлсэн чулуужсан мөрүүд теропод төрлийн үлэг гүрвэлийнх мөн болохыг тогтоожээ. Ингэснээр доод Цэрдийн галавын үед тус бүс нутагт том махчин үлэг гүрвэлүүд амьдарч байсныг анх удаа нотоллоо.


Ойролцоогоор 120 сая жилийн настай эдгээр мөр Монголын хойд нутагт орших Сайжрах хэмээх газраас олдсон байна. Судалгааг Японы Окаямагийн Шинжлэх ухааны их сургууль (OUS), Монгол Улсын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаачид явуулжээ. 


Эдгээр чулуужсан мөрийг анх Монголын нэгэн газарзүйч 1950-иад онд олж илрүүлж, нээлтийнхээ талаар эрдэм шинжилгээний өгүүлэлдээ дурджээ. Гэвч тухайн өгүүлэлд байршил болон бусад нарийн мэдээллийг тэмдэглээгүй байсан гэж Окаямагийн Шинжлэх ухааны их сургуулийн төлөөлөгч ярилаа. Харин Монголын судлаач байршлыг нь нарийвчлан тогтоосноор Олон улсын баг 2024 оноос малтлагын ажлыг эхлүүлж, уг газрыг дахин олж тогтоожээ. 


Судлаачид малтлага хийх үеэрээ ойролцоогоор 15 метр урттай, том биетэй өвсөн тэжээлт завропод үлэг гүрвэлийн мөр,  8 орчим метр урттай махчин үлэг гүрвэлийн мөрүүдийг илрүүлжээ. 


Нийтдээ 5х7 м талбай бүхий геологийн тогтоцод 31 мөр чулуужиж үлдсэн байсныг тогтоожээ. Мөн ойролцоо газраас өөр 15 орчим мөр олдсон байна. 


Монголын нутгаас дээд Цэрдийн галавын үед хамаарах үлэг гүрвэлийн чулуужсан олдвор олноор олддог боловч доод Цэрдийн галавт хамаарах олдвор маш ховор байдаг.


"Эдгээр олдвор нь том үлэг гүрвэлүүдийн талаарх судалгаанд байсан газарзүйн хоосон орон зайг нөхөж байна. Бид энэ зун дахин судалгаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ удаад үлэг гүрвэлийн чулуужсан яс олдоно гэж найдаж байна" хэмээн малтлагад оролцсон OUS-ийн Үлэг гүрвэл судлалын музейн хүндэт захирал Шинобу Ишигаки ярилаа.


Холбоотой мэдээ