RHEINE: Бентлаге дахь хэвлэлийн урланд хэрэгжиж буй солилцооны төсөл Райнегийн мэдлэгийг Монголд нутагшуулах нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2026-04-23 14:54:43
@ShoovdorBatbold

Зураг дээр: 2026.04.20, Бентлаге дахь соёлын солилцоо (дээр, зүүн гар талаас): Дорис Фридрих (Бентлаге хэвлэлийн холбооны дэд дарга), Макс Томазони (Уран бүтээлч, хэвлэлийн урлангийн эрхлэгч), Карин Броза (Уран бүтээлч, Марбургийн Филиппс их сургуулийн Дүрслэх урлагийн институтийн хэвлэлийн урлангийн эрхлэгч), Франсиско Хавиэр Баррахон Кастрэхон болон Монголын уран бүтээлчид: Д.Баярцэцэг, Н.Зулцэцэг, Ц.Ган-Эрдэнэ, (доод талд, зүүн гар талаас) Б.Нандин-Эрдэнэ, Э.Энхзаяа, О.Цэнгүүн, Б.Намуун нар. (Гэрэл зургийг Свен Рапрегер)


Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын "РАЙНЕ" өдөр тутмын сонины 2026.04.21-ний өдрийн Мягмар гаргийн дугаарт Жулиан Лоренбекийн бичсэн "Бентлаге дахь хэвлэлийн урланд хэрэгжиж буй солилцооны төсөл Райнегийн мэдлэгийг Монголд нутагшуулах нь" сурвалжилга нийтлэгджээ. 2026 онд тохиож байгаа Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй Монгол-Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төслийн талаарх уг сурвалжилгыг уншигчиддаа хүргэж байна.


Райне хотын туршлагаар Монголын хэвлэлийн урлагийг хөгжүүлэх нь

Монгол Улсаас ирсэн таван эмэгтэй уран бүтээлч Бентлаге дахь хэвлэлийн урланд ажиллаж байна. Тэд Герман-Монголын солилцооны төслийн хүрээнд ирсэн бөгөөд гол зорилго нь нийслэл Улаанбаатар хотод өөрийн гэсэн мэргэжлийн хэвлэлийн урлан байгуулах явдал юм.


Монголын урлагийн ертөнцөд график болон хэвлэлийн урлаг өндөр байр суурь эзэлдэг. График урлагийн ангид элсэгчид болон төгсөгчдийн тоо их байхаас гадна олон залуу уран бүтээлчид гадаадад энэ чиглэлээр суралцдаг. Гэвч мэргэжлийн хэвлэлийн урлан байхгүйгээс дижитал хэвлэл рүү анхаарал хандуулдаг байна.


"1990-ээд он хүртэл энэ салбарт хөгжил сайн байсан. Шилжилтийн үеэс хойш энэ уламжлал алдагджээ. Бид үүнийг одоо дахин сэргээхийг хүсэж байна" хэмээн 25 жилийн өмнө Германд ирж, Мюнстер хотод амьдарч буй Ц.Ган-Эрдэнэ тайлбарлав.


Зураг дээр: Н.Зулцэцэг Венийн Хэрэглээний урлагийн их сургуульд суралцсан бөгөөд Монголын нийслэл Улаанбаатар хотод өөрийн гэсэн хэвлэлийн урлан байгуулах хүсэлтэй зургаан уран бүтээлчийн нэг. Тэрбээр Бентлаге дахь хэвлэлийн урланд ажиллаж байна. (Гэрэл зургийг Свен Рапрегер)


Ц.Ган-Эрдэнэ Монгол Улсын Соёлын элч бөгөөд энэхүү төслийг Монголын Урчуудын Эвлэл (Union of Mongolian Artists), Монголын контэмпорари урлагийн Хөх нар төв (Blue Sun Contemporary Art Center of Mongolia) болон Монгол Улсын Дүрслэх Урлагийн академитай хамтран хэрэгжүүлж байна.


Бентлаге шиг хэвлэлийн урлангийн нөхцөл боломж дэлхий даяар ховор байдаг. Тиймээс монголчууд Райне хотын туршлагаас суралцахын тулд торгон хэвлэл болон төмөр бар зэрэг хэвлэлийн уламжлалт ажиллагаатай танилцахаар алс холыг зорин иржээ.


Монгол бүтээлчид бүтээлийн сэдвээ ЮНЕСКО-гийн Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг (SDGs) бар зургаар илэрхийлж байгаа бөгөөд эхний хоёр долоо хоногт энд бүтээлээ туурвиж дараа нь Эссен хотод долоо хоног ажиллана.


Энэхүү төсөл хоёр жилийн өмнөөс эхэлжээ. Тухайн үед Ц.Ган-Эрдэнэ Бентлаге дахь хэвлэлийн урланд зочин уран бүтээлчээр ажиллаж байсан юм. Энэ хугацаанд тэрбээр Бентлагийн хэвлэлийн холбоотой хамтран соёлын солилцоо хийх санааг анхлан гаргажээ. Одоогийн байдлаар долоо хоног гаруйн хугацаанд монгол уран бүтээлчид: Д.Баярцэцэг, Н.Зулцэцэг, Б.Нандин-Эрдэнэ, Э.Энхзаяа, О.Цэнгүүн болон Б.Намуун нар Бентлагед торгон хэвлэл болон төмөр барын техникээр судлан ажиллаж байна. "Монголд график урлагийн салбарт эмэгтэйчүүд голчилдог" хэмээн Ц.Ган-Эрдэнэ хэлэв.


Эдгээр уран бүтээлчид бүгд нэр хүндтэй бөгөөд Д.Баярцэцэг гэхэд "Чингис хаан" Үндэсний музейн куратороор ажилладаг. Энэхүү солилцооны төсөл хоёр чухал үйл явдалтай давхцаж буй нь 2026 онд Монгол Улсын Засгийн газраас "Боловсролыг дэмжих жил" болгон зарлаж, Герман-Монголын боловсролын салбар дахь хамтын ажиллагааны 100 жилийн ой энэ онд тохиож буй ажлын хүрээнд Ц.Ган-Эрдэнэ хэд хэдэн төсөл, түүний дотор Райне дахь воркшопыг зохион байгуулж байгаа юм.


"Энэ түүхэн газарт ирж ажиллаж байгаа нь манай монгол зочдын хувьд маш том туршлага болж байна" хэмээн Бентлаге хэвлэлийн холбооны дэд тэргүүн Дорис Фридрих даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв. Түүхэн соёлын ландшафт, Бентлаге хийд болон музейн дунд орших энэ газар нь үзэсгэлэнгийн танхим, хоёр хэвлэлийн газар, байрлах байраараа уран бүтээлийн солилцооны амьд орчныг бүрдүүлдэг. "Ийм цогц төвлөрөл хаана ч байхгүй" хэмээн Фридрих онцлов.


Монгол уран бүтээлчдэд Райне хотод байх хугацаанд Бентлаге хэвлэлийн урлангийн дарга, уран бүтээлч Макс Томасони болон Марбургийн их сургуулийн Дүрслэх урлагийн институтын хэвлэлийн графикийн газрын дарга Карин Броса нар хамтран ажиллаж байна. Мөн Испани Улсын Мадридхотоос ирсэн Эрасмус (Erasmus) тэтгэлэгийн оюутан Франсиско Хавиэр Баррахон Кастрэхон (Francisco Javier Barrajуn Castrejуn) тэдэнд туслаж байгаа юм.


Цех дээр ажиллахын зэрэгцээ Улаанбаатар хотод мэргэжлийн хэвлэлийн урлантай болох амбицтай төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар ярилцах цаг гарч байв. Германы талын төлөөлөгчид 2027 онд Монголд очиж, туршлагаа газар дээр нь хуваалцах юм.


"Ирээдүйн Улаанбаатар дахь хэвлэлийн урлан нь уран бүтээлч үйлдвэрлэл, мэргэжлийн чадавхи дээшлүүлэх, судалгаа сургалт болон олон улсын солилцооны платформ болох бөгөөд Монголын орчин үеийн хэвлэлийн урлаг-графикийг хөгжүүлэх институцийн хүрээг бүрдүүлнэ" хэмээн төслийн танилцуулгад дурджээ. Одоогоор богино хугацаанд эрчимтэй хамтын ажиллагаа өрнөж байна.


"Энэ бол боловсролын хөгжлийн салбарт хийгдэж буй гайхалтай уулзалт" хэмээн Ц.Ган-Эрдэнэ хэлэв. Төслийн төгсгөлд уран бүтээлчид болон хэвлэлийн холбоотой хамтран хийсэн бүтээлүүдээ Бентлагед дэлгэн үзүүлнэ. Үзэсгэлэн ирэх Бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 25-ны 16:00 цагт Бентлаге урланд эхэлнэ.


RHEINE / РАЙНЕ өдөр тутмын сонин 

Мягмар, 2026.04.21  

Нийтлэлийн дугаар: Nr.92 RH01

Холбоотой мэдээ