ЗАВХАН: Ардын дуунд мөнхөрсөн Бүст нуур
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт оршдог үзэсгэлэнт Бүст нууртай холбоотой ардын болон богино дуу олон байдаг. Тэдгээрийн нэг нь нуурын домгоос сэдэвлэн Чингүнжавт зориулан зохиосон ардын дуу юм.
Домогт өгүүлснээр шадар ван Чингүнжав Манжийн цэргээс дайжин Орос улсыг зорих замдаа уг нуурын орчимд хоноглосон гэдэг. Өглөө сэрэхэд анчин, гөрөөчнөөс үргэсэн ан амьтад нуурын мөсөн дээгүүр сүрэглэн давхиж, дундах уул руу орогнож байгааг харжээ. Үүнийг ажигласан Чингүнжав “Айсан, зовсон бүхэнд ивээл болж, амийг нь авран хамгаалдаг ач тустай нуур юм” хэмээн биширч, өөдөө харсан алтан тэвшээ дунд ууланд булж, мөнгөн бүсээ нуурын мөсөн дээр тавьсан гэдэг. Түүнээс хойш уг нуурыг Бүст нуур, харин дунд орших уулыг Алтан тэвш хэмээн нэрлэх болсон байна.
Шадар ван хоноглоод мордсоноос хойш,
…Ховдын цагаан түнгээ
Ховлоод мордсон цэрэг нь
Хоёр живаа цэрэг
Бүгсэнхэн газар нь
Бүстийн дунд уул
Бүслээд мордсон цэрэг нь
Хоёр живаа цэрэг
Гурван живаа цэргээ дагуулсан ч болоосой
Гургалдай зээрдээ унасан ч болоосой…хэмээх ардын дуу төржээ.
Харин Хотгойд нутгийнхны өөр нэг домогт Чингүнжав Манжийн цэрэгтэй байлдах үедээ Бүст нуурын олмыг мэддэг тул нуурыг гатлан дундах ууланд цэргүүдийнхээ хамт байрлаж байсан бөгөөд нуур болон уулын нэрийг өөрөө өгсөн хэмээн өгүүлдэг.
Орчин цагт ч Бүст нуурт зориулсан уран бүтээл олон бий. Тухайлбал, Д.Бямбадоржийн үг, Д.Цэвээнравдангийн ая “Бүстийн цэнхэр нуур” дуу юм.
…Бүстийн цэнхэр нуураа санаад байна,
Бүртийж хоцорсон ээжээ үгүйлээд байна…хэмээн эх орон, эхийн тухай уянгалаг
мэдрэмжийг илэрхийлжээ.
Монгол ардын дуу нь ард түмний амьдрал дундаас урган гарсан, зохиогч нь тодорхойгүй, олон зуун жилийн турш уламжлагдан хадгалагдаж ирсэн онцлогтой. Ястан, угсаатны аж байдал, газар нутгийн онцлогоос шалтгаалан утга агуулга нь харилцан адилгүй бөгөөд гүн ухаан, түүхэн үйл явдал, шашин шүтлэг, хайр сэтгэл, баяр ёслол, хошин шог зэрэг өргөн хүрээний сэдвийг хамардаг. Ялангуяа уртын дууны шүлгүүд нь гүн ухааны агуулгаар баялаг байдаг.
Сонирхуулахад, Бүст нуур нь далайн түвшнээс дээш 2041 метрийн өндөрт оршдог бөгөөд 21.9 кв.км талбайтай, 6 км урт, 4.2 км өргөн, 10 метрийн гүн ажээ. Эргэн тойрон нь ой модтой уулсаар хүрээлэгдсэн, дундаа арлын шинжтэй уултай, усны шувууд чуулдаг байгалийн үзэсгэлэнт нуур юм. Төв суурин газраас алслагдсан тул онгон дагшин төрхөө хадгалан үлджээ.
Мөн нуурын хойд хэсгээр 1905 оны их газар хөдлөлтийн улмаас үүссэн газрын хагарал дайран өнгөрдөг байна.
Ардын дуунд мөнхөрсөн энэхүү үзэсгэлэнт нуурыг жуулчид зорин очих дуртай.
