Шинэ оны босгон дээр 9 сум түргэн тусламжийн машинтай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЭМСЯ-наас шинэ оны босгон дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан аймгийн есөн суманд Япон улсад үйлдвэрлэсэн Ниссан маркийн тусгай зориулалтын түргэн тусламжийн авто машиныг хүлээлгэн өглөө.
2015 оны төсвийн тухай хуулийн Эрүүл мэнд, спортын сайдын багцаас Улсын төсвөөс Улаанбаатар хотын 9 эрүүл мэндийн байгууллагад,18 аймагт нийт 47 түргэн тусламжийн автомашиныг олгохоор тендер зарлан сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан юм. Өмнө нь найман түргэн тусламжийн автомашиныг нийлүүлээд байсан бол өнөөдөр цас зудны байдал хүнд байгаа алслагдсан аймгуудын сумд болох Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум, Сүхбаатар аймгийн Асгат, Ховд аймгийн Ховд, Мөст, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Хэнтий аймгийн Батноров, Төв аймгийн Аргалант, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумдад олголоо.
Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар хэлэхдээ, “ЭМСЯ Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд хөдөөгийн алслагдсан сумдын малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай цаг алдалгүй хүргэх боломж нөхцлийг бүрдүүлж байна. Цаашид ч эрүүл мэндийн байгууллагуудаа төлвөлгөөний дагуу түргэн тусламжийн авто машинтай болгох ажлыг ээлж дараатай хийнэ. Шинэ он гараад Япон улсаас захиалсан дараагийн ээлжийн авто машин орж ирнэ” гэдгийг энэ үеэр хэллээ.
Авто машин гардуулах үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон бусад албаны хүмүүс оролцов.
Ж.Болор