УИХ-ын үйл ажиллагаа ирэх сарын 4-нээс эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы ирэх 7 хоногийн хуваарь гарлаа.
Энэ сарын 4-ний даваа гарагт УИХ дахь нам эвслийн бүлгүүд ээлжит хуралдаан хийнэ. 5-ны мягмар гарагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо тус тус хуралдах ба холбогдох хууль тогтоолын төслийн шат шатны хэлэлцүүлгийг хийх аж.
Лхагва гарагт Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хуралдаан тус тус хуралдах тов гарчээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг асуудлыг авч хэлэлцэнэ.
Баасан гарагийн үдээс хойш УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараас Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.
Б.Туул