Мандал-Овоо сумын Мандал баг түмэн тэмээний баяр хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 12:42:34

Өмнөговь аймаг тэмээн сүргээ тогтвортой өсгөн үржүүлж, энэ жил 118 мянган толгойд хүргэжээ.

Тэр дундаас тус аймгийн Мандал-Овоо сумын Мандал баг нь аймагтаа төдийгүй Монголынхоо хамгийн анхны түмэн тэмээтэй баг болж, түмэн тэмээний баяраа шинэ оны эхэнд өргөн дэлгэр тэмдэглэлээ. Мандал багийн түмэн тэмээний баяр газар газраас цугласан 60 гаруй хурдан тэмээний уралдаанаар сүрлэг сайхан эхэллээ.

Түмэн тэмээний баярт зориулсан хурдан атны уралдаанд Мандал-Овоо сумын алдарт уяач Юрагийн Мягмарын хар тэмээ, мөн сумын Баянхошуу багийн уяач, аймгийн алдарт уяач Түвшинбаярын шар тэмээ, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, аймгийн алдарт уяач Жамьяангийн хүрэн тэмээ зэрэг олон алдар цуутай хурдан тэмээнүүд жонжуулсанаас Сэврэй сумын уяач Г.Орхончулууны хөх тэмээ түрүүлж, Мандал-Овоо сумын Баянхошуу багийн уяач Юрагийн ногоон ат аман хүзүүдлээ. 3-т Цогт-Овоо сумын уяач Төрмөнхийн бор, 4-т мөн сумын уяач Бат-Очирын хүрэн ат тэшүүлж, Баянхошуу багийн С.Түвшинбаярын хүрэн тэмээ айрагдсан юм. Харин хурдан торомны уралдаанд Номгон сумын уяач Мөнхтөрийн улаан түрүүлж, Ноён сумын харьяат Ү.Баяраагийн хар удаалсан юм. Цогт-Овоо сумын уяач Б.Бат-Очирын улаан 3-т, мөн сумын уяач Баттөрийн хар 4-т, айргийн 5-т мөн Цогт-Овоо сумын уяач Ууганбаярын улаан жонжуулж тэмээчин ардынхаа сэтгэлийг тэнийлгэлээ.

Мандалынханы түмэн тэмээний баяраар сайхан тэмээтэй хос, шилмэл буур, ингэ, атыг тодруулсан юм.

Мөн тэмээний өв соёлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа Б.Рагчаа, Ролжинзав, Ц.Бадамжунай, Б.Дүгэрхүү, М.Цэнд-Аюуш нарын хүмүүсийг ХАА-н тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагналаа.

            Өмнөговь аймаг С.Сумьяа

Холбоотой мэдээ