НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосыг эрс буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2016-01-07 08:45:55

НЬЮ-ЙОРК. /Yonhap/. Умард Солонгосын хамгийн сүүлд хийсэн цөмийн туршилтыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “эрс буруушааж”, тус улсад дахин хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг нэн даруй бэлдэж эхлэхээр санал нийлсэн байна.

Устөрөгчийн бөмбөгийг анх удаа амжилттай туршсан гэж Умард Солонгос мэдэгдсэнийг хэлэлцэхээр 15 гишүүнтэй Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдсаныхаа дараа мэдэгдэл хийжээ.

“Аюулгүйн зөвлөлийн гишүүд Умард Солонгосын туршилтыг эрс буруушаасан” гэж уг мэдэгдэлд дурдсан бөгөөд уг туршилт нь Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг “илэрхий зөрчиж”, “олон улсын энх тайван, аюулгүй байдалд илэрхий заналхийлж байна” гэжээ.

Тус улсад шинээр авах хориг арга хэмжээ өмнөхөөс илүү чанга байх төлөвтэй байна.

Умард Солонгосын цөмийн туршилт Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн “маш их сэтгэл түгшээсэн” үйлдэл бөгөөд “бүс нутгийн аюулгүй байдлыг ихээхэн тогтворгүй болгож байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн буруушаажээ.

“Цөмийн туршилтыг эрс буруушааж байна. Умард Солонгос цөмийн ажиллагаагаа зогсоож, баттай цөмийн зэвсэггүй улс болох үүргээ биелүүлэхийг шаардаж байна” гэж Бан хэлсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ