Чөлөөт бөхийн тамирчдаас одоогоор 3 эрхтэй болоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-11 16:50:36

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо амжилттай үргэлжилж байгаа бөгөөд манай бөхчүүдээс “Рио-2016” олимпийн эрхийг Монголын 3 бөх аваад байна.

Энэ удаагийн ДАШТ-д жин бүрийн эхний зургаан байрт шалгарсан тамирчдад олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авах юм. Манай барилдсан бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар олимпийн эрхээ өвөртлөөд байгаа юм.

Тус тэмцээний 3 дахь өдрийн барилдаанд манай 4 бөх барилдахаас эмэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга Сүхээгийн Цэрэнчимэд эхний тойрогт Шинэ Зеландын бөхтэй оноолт таарчээ. С.Цэрэнчимэд 2014 онд Узбекстаны Ташкентад болсон ДАШТ-д түрүүлсэн юм. Эрэгтэйчүүдийн 61 кг-д Б.Номин Энэтхэгийн Бажранг, 86 кг-д О.Үйтүмэн Польшийн Р.Маркинцевич, 97 кг-д Д.Хүрэрбулга Туркийн И.Болукбашитай тус тус барилдана.

Энэ удаагийн ДАШТ-ий хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 02.00 цагт эхэлж байгаа. Харин медалийн төлөөх барилдаан 10.30-13.00 цагт үргэлжилж байгаа нь манай бөх сонирхогчдод нэн таатай байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд