Энэ онд 10 худгийг “ухаалаг систем”-д холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-08 10:20:16
oyuka_hu@yahoo.com

Өнгөрсөн онд Орхон аймгийн гэр хорооллын Шанд багийн хоёр худаг “ухаалаг систем”-д холбогдсон. Үүнд орон нутгаас 40 сая төгрөг зарцуулжээ.

Ингэснээр иргэд ус авахдаа картаа мөнгөөр цэнэглэж үйлчлүүлэх болсон. Эхний ээлжинд 1000 ширхэг карт захиалсан ч дууссан гэж “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн Ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн хэллээ. Дахин 3000 ширхэгийг хэвлүүлэхээр болсон аж.

Худгийг ухаалаг системд холбох ажлыг Улаанбаатар хотын “Алтайн үндэс” ХХК гүйцэтгэсэн байна. Тус компани энэ онд алслагдсан таван багт худаг барихдаа мөн л ухаалаг систем суурилуулах ажээ.  Харин орон нутгийн төсвөөр 4, Баян-Өндөр сумын Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр зургаан худгийг карт унших боломжтой болгох гэнэ. Ингэснээр иргэд 24 цагийн турш худгаар үйлчүүлэх боломжтой болж байгаа юм.

Орхон аймагт ус түгээх 67 худаг байдаг. Үүний хоёрт нь нарны коллектор туршилтаар сууриллуулжээ. Хэрэв туршилт амжилттай болвол эдгээр худаг 7 хоногийн турш 24 цагаар ажиллах боломж бий болно.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ