Ерөнхий сайдад Эрүүл мэнд, спортын сайдыг томилох шаардлага хүргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-11 12:47:32

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд энэ долоо хоногт Байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа илэрхийлж, хэвлэлийн бага хурал хийсэн.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Улс төрийн намын тухай хуулийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм. Тус хуулийн төсөлд 3000-аас доош хүн амтай суурин газар намын анхан шатны нэгж байгуулахгүй байхаар тусгасан. Харин бие даагчид 3000-аас дээш хүн амтай газарт ч намын анхан шатны нэгж байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн Сонгуулийн Ерөнхий хороо намуудыг бүртгэх нь зохисгүй гэж үзжээ. Нам гэдэг зөвхөн сонгуулийн төлөө байгууллага биш тул бүртгэлийг СЕХ хийх нь учир дутагдалтай гэдэгт тэд байр сууриа нэгтгэв.

Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн тухай хуулийн эцсийн найруулгыг чуулганы хуралдаанаар эцэслэсэн. Энэ үеэр бие даагчидтай холбоотой зарим зөрчилтэй хуулийн заалтыг шийдвэрлүүлжээ. Тухайлбал, бие даагчийг дугуйлсан хэрнээ намыг дугуйлаагүй бол саналын хуудас хүчингүй болох заалтыг өөрчлүүлж, нам болон нэр дэвшигчийн аль алиныг дугуйлаагүй хуудсыг хүчингүйд тооцохоор болжээ. Мөн хяналтын тооллогод бие даагчийн төлөөллийг оруулахаар болсон зэрэг заалтыг тусгасан нь дараа дараагийн бие даагчид сонгуульд өрсөлдөх бололцоог нээж өгсөн гэж Ц.Даваасүрэн гишүүн хэллээ. Үүний зэрэгцээ ипотекийн зээлтэй холбоотой хуулийн төслийг дэмжих гэнэ. Түүнчлэн Эрүүл мэнд, спортын сайдыг томилохыг шаардсан шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болов.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Гацууртын ордыг ашиглахтай холбоотой хоёр хууль тогтоомж гаргахаар зүтгүүлж байна. Нэгдүгээрт, Гацууртын ордоос төрийн эзэмших хувь хэмжээг 34 хувиар тогтоож, 34 хувиа тусгай төлбөр рүү шилжүүлнэ гэж байна. Ингэснээр борлуулалтын 3 хувийг Монгол Улс авахаар болж байна. Гурван хувь гэдэг бол татвар биш хураамж. Хоёрдугаарт, Ноён уулыг тусгай хамгаалалтад авна гэж байгаа. Гэхдээ тусгай хамгаалалтад авахдаа байгаль орчин, уул ус, экосистемийнх нь байдлаар авдаг. Гэтэл Ноён уулыг шулуун шугам татаад буюу авчихсан. “Сентарра Голд” компанийн талбайг оруулалгүйгээр 10-аад км шулуун шугам татаад тусгай хамгаалалтад авсан. Уг нь доктор н.Оюунцэцэг 37 мянган га-гаар тусгай хамгаалалтад авахаар дүгнэлт үнэлгээгээ БОНХАЖЯ-нд өгсөн байсан. Гэтэл 11 мянган га болгож багасгасан байна” гэв.

Тус хэвлэлийн хуралд хөрс судлаач, доктор Ш.Пүрэвсүрэн, Р.Байгалмаа нар оролцсон ба тэд олборлолтын явцад маш их өндөр агууламжтай хүнцэл гэдэг бодис хөрсөн дээр гарч ирнэ. Үүний хохирол нь зөвхөн Монголоор хэмжигдэхгүй. Хөрш зэргэлдээ улс орны байгаль экологид ч нөлөөлнө. Хүнцэлийг саармагжуулах тухай яриа өнөөгийн түвшинд байгаа ч бүрэн арилгана гэж байхгүй хэмээн мэдээлэв.

Б.Туул

Холбоотой мэдээ