Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг дахин гаргаж тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-11 16:36:59

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан хуралдаанаараа хүүхдийн мөнгийг олгох ёстой гэсэн өмнөх байр сууриа дахин баталгаажууллаа.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлэхдээ "Хүүхдийн мөнгийг М.Энхболдын Засгийн газрын үеэс олгож эхэлсэн. Манай бүлгийн гишүүд эдийн засаг хүнд үед хүүхдийн мөнгийг нэмэх хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч УИХ хэлэлцээгүй өнөөг хүрсэн. Гэтэл эдийн засаг хүндэрсэн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн ийм цаг үед хүн рүү чиглэсэн олон бодлогоос ухарсан алхмыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хийсэн. Энэ алдааг засах ёстой гэж манай бүлгийн гишүүд 100 хувь санал нэгдсэн.

Эдийн засаг хүнд байна гээд цалин тэтгэврээ нэмж чадахгүй, хүүхдэд олгодог мөнгө, оюутны тэтгэлгийн 70 мянган төгрөгийг хассан. Өнөөдөр 170 мянган оюутны 30 хувь нь 70 мянган төгрөгөө сар бүр авч байна. Өрхийн амьжиргааг нэмэх чиглэлээр Монголын төр, УИХ тодорхой алхам хийж чадахгүй байна гэсэн асуудлыг МАН-ын бүлэг байнга тавьсаар ирсэн. Тиймээс хүүхэд, оюутнуудад ялгаварлахгүйгээр 20 мянга, 70 мянгыг нь өгөх ёстой. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоход 110 тэрбум төгрөг шаардлагатай. Төсвийн тодотгол хийгээгүй тохиолдолд 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн есөн шалгуур үзүүлэлтийн гурав нь зөрчигдөнө. Энэ асуудлыг бид төсвийн тодотголын үеэр ярина" гэлээ.

Бүлгийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, "Ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 5 болгох асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцээгүй. Гэхдээ энэ асуудлыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйл бий. Мөн МАН-ын бүлгээс сүүлийн хоёр жил ахмад настны тэтгэврийн болон малчны зээл, цалингийн зээлийн хүүг бууруулах санал шаардлагыг Засгийн газарт тавьсаар ирсэн. Энэ шаардлагаа ч бид дахин тавьж байна" гэлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ