Өвөрхангайд H1N1 вирүсээр өвчилсөн бүсгүй нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 17:00:09

Өвөрхангай аймгийн Хархорин суманд А хүрээний H1N1 вирүсийн өвчлөлөөр хүн нас барсан тохиолдол гарлаа.

Тус сумын Эрдэнэтолгой багийн иргэн, 27 настай А  сумын эмнэлэгт 1 сарын 5-ны өдөр төрсөн бөгөөд түүний  бие муудаж улмаар өндөр халууран, шээс хаагдсаныг сумын эмнэлгээс уушигны хүнд хатгалгаа хэлбэрийн өвчлөл буюу H1N1 вирус туссан байж болзошгүй гэсэн онош тогтоосон байна. Тиймээс аймгийн ЭМГ, БОЭТ, ЗӨСТ, улсын клиникийн 1 дүгээр эмнэлэг, ХӨСҮТ-д хандсан бөгөөд эдгээр эрүүл мэндийн байгууллагуудаас өвчтөнийг “А хүрээний H1N1 вирус”-ийн өвчлөл авсан гэдгийг тогтоожээ. Эхэд бүх талын шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлсэн ч олон эрхтний дутагдал, амьсгалын дутагдлаар 1 сарын 9-ний өдөр нас барсан байна.

Иргэн А-ийн төрүүлсэн хоёр ихэр хүүхдэд H1N1 вирус илэрсэн ба эмнэлгээс шаардлагатай арга хэмжээг авснаар биеийн байдал гайгүй байгааг Хархорин сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч  Д.Шиваанүрдэв хэллээ.

А хүрээний H1N1 вирус нь томуу, томуу төст хэлбэрийн өвчлөлийг эмчлэхгүй удааснаас өндөр халуурах, ханиалгах, толгой өвдөх, үе мөч, булчингаар өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, заримдаа бөөлжих, суулгах шинж тэмдгээр илэрдэг бөгөөд 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65-аас дээш насны өндөр настнуудад хүндээр тусдаг, ялангуяа жирэмсэн эмэгтэйд гурав дахин хүндээр тусдаг аж.

Мөн H1N1 вирус нь ханиах найтаах үед цацагдсан шүлс, нус, амьсгалын эрхтэнүүдийн салст бүхий агаар дуслаар дамжиж халдварладаг байна. Энэ өвчлөл одоогоор улсын хэмжээнд 5 удаа тохиолдоод байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ