“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх хэлэлцүүлэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-12 08:56:29

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл оролцож санал солилцов.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаагийн гол зорилго нь Сэлэнгэ, Төв аймгийн нутгийг дамнан орших ойн сан бүхий байгалийн унаган төрхийг хадгалсан, нэн ховор, ховор амьтан, ургамал, түүх, соёлын үнэт өв, археологийн онцгой ач холбогдол бүхий Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, газар нутгийн хилийн заагийг тогтоох талаар санал солилцож, тогтоолын төслийг боловсронгуй болгоход оршиж байгаа юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл, хууль бус ашигт малтмал олборлох зэргээс шалтгаалан байгаль орчин доротойх, байгалийн нөөц хомсдох үйл явц улам бүр эрчимжиж байна.

Иймд байгалийн унаган төрх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх хамгаалах, түүх соёлын дурсгалын үнэт зүйлсийг нь хадгалж, газар нутгаа хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд Монгол Улсын зарим газар нутгийг тусгай хамгаалалтад хамруулах зайлшгүй шаардлагатай байна.

Ноён уул орчмын газар нутгийг тусгай хамгаалалтад авснаар хууль бусаар ашигт малтмал олборлох, хүний сөрөг нөлөөллийн улмаас байгалийн унаган төрх алдагдах, байгаль орчин доройтож, байгалийн нөөц хомсдох, экосистемийн тэнцвэрт байдал өөрчлөгдөх аюулаас сэргийлэх боломж бүрдэхээс гадна, ховор экосистем, түүх соёлын үнэт өв археологийн онцгой ач холбогдол бүхий энэ газар нутгийг онгон дагшин байдлаар нь хадгалж, хамгаалах боломж бүрдэнэ” гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх танилцуулгыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, “Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудал” сэдвээр ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Б.Оюунгэрэл /Sc.D/, Ноён уул орчимд хийсэн археологийн авран хамгаалах судаллгаа /1999-2015 он/ сэдвээр ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн археологи угсаатны зүйн авран хамгаалах салбарын эрхлэг Ч.Амартүвшин /Ph.D/, Монгол орны мөнхцэвдэгийн онцлог ба Гацуурт орчмын мөнхцэвдэгийн тархалт сэдвээр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Цэвдэг судлалын салбарын дарга А.Дашцэрэн /Ph.D/, Хүнцлийн тархалт, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө ба саармагжуулалт сэдвээр БОНХАЖЯ-ны Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Жаргалсайхан, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уул орчмын нутаг дэвсгэрт гарч байгаа хууль бус алт олборлолт, гэмт хэрэг, зөрчлийн талаарах мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах албаны ахлах мэргэжилтэн Цагдаагийн дэд хурандаа А.Батсүх нар тавьж хэлэлцүүлэв.

Улсын тусгай хамгаалалтад хамруулахаар төлөвлөж буй газар нутаг нь байгалийн бүс бүслүүрийн үндсэн хэв шинжийг төлөөлж чадах, экосистемийн онцлог, ландшафтын унаган төрх байдлаа хадгалж үлдсэн зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтийг хангахаас гадна Ноён уул орчмын газар нутаг нь МЭӨ III-МЭ II зуун хүртэлх хугацаанд Төв Азийн өргөн уудам нутагт Хүннүчүүд нүүдэллэн амьдарч, төр улсаа цогцлоон байгуулж, мандан бадарч байсны бодит нотолгоо болох археологийн дурсгалууд олон тоотойгоор олддог байсан нь Хүннү гүрний төв одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх бөгөөд эрт үеэс Ноён уул хэмээн хүндэтгэн нэрлэгдсэн тус уулыг Сүжигт, Зурамт, Хужирт хэмээх гурван аманд хуваан үзэхээс гадна Хүннүгийн язгууртны булш бүхий томоохон дурсгалууд оршдог болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Газар нутгийг улсын хамгаалалтад хамруулснаар тухайн газрын хамгаалалтын үйл ажиллагаа сайжирч, байгалийн унаган төрхийг хадгалан, хамгаалах ач холбогдолтойн зэрэгцээ Үндэсний болон олон улсын холбогдох гэрээ конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэлхийд ховордсон нэн ховор, ховор амьтан, ургамлын төрөл зүйлийг хадгалан хамгаалах өндөр ач холбогдолтой гэдгийг илтгэд дурдсан юм.


 

Мөн “Сентерра Гоулд” ХХК-тай гэрээгээр хамтран ажиллаж байгаа “Бүрэн цэнгэл” харуул, хамгаалалтын албанаас Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын албанд нийт 48 удаа хамгаалж буй ашиглалтын талбайд хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлохоор ирсэн иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөөч гэсэн хүсэлтийг устаар болон хамгаалагчдаас биеэр ирж өгсөний дагуу Цагдаагийн хэлтсээс хамгаалалтын бүсэд хууль зөрчигч иргэдийн үйлдлийг хамтран таслан зогсоож байна. Иргэдийн дунд “Гацууртын ам” хэмээн энэхүү газарт алт ихээр гарч байгаа талаар ам дамжин яригдаж байгаа нь иргэдийн урсгал хөдөлгөөнийг ихээр нэмэгдүүлж, энэ оны 8 дугаар сараас хойш Хөвсгөл, Архангай, Дархан-Уул, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий зэрэг аймгуудаас давхардсан тоогоор 9100 иргэн, 2600 гаруй тээврийн хэрэгсэлтэй зорчиж байгаа нь тухайн сумын эрүү, хэв журмын нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Мандал суманд 2015 оны 217 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 29 хэргээр буюу 15.4 хувиар өсч, “Сентерра Гоулд” ХХК-ний эзэмшлийн талбай “Гацууртын ам”-нд хүнийг санаатай алах 1, золгүй байдлаар амь нас хохирсон 1, танхайрах 5, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн 1 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Уг компаний ашиглалтын талбайд иргэд хууль бусаар гар аргаар ойролцоогоор 90/110 метрийн хэмжээтэй 150 гаруй нүхийг ухаж байгаль орчинд хохирол учруулж байна гэдгийг Цагдаагийн дэд хурандаа А.Батсүх танилцуулгадаа дурдав.

Хэлэлцүүлэгт оролцогсод Ноён уул орчмын газар нутгийг тусгай хамгаалалтад авч, хилийн заагийг оновчтой тогтоох талаар санал бодлоо солилцож, асуудлыг тал бүрээс нь нухацтай хэлэлцлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ