Мэргэжлийн хяналт “Шилэн хяналт”-ыг бүрэн нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-01-12 14:14:09

МХЕГ-ын удирдлагууд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлага, улсын /ахлах/ байцаагч нартай өчигдөр цахимаар холбогдон энэ онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцжээ.

Мэргэжлийн хяналтын байгууллага 2016 оныг “Ил тод хяналтын тогтолцоог төлөвшүүлэх, улсын /ахлах/ байцаагчдын ур чадварыг дээшлүүлэх, хэрэглэгчдэд хандсан жил” болгон зарлаж тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Энэ хүрээнд эрсдлийг удирдах үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, хяналт шалгалт хийх, тайлагнах үйл ажиллагааг цахимжуулан, мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлж, “Шилэн хяналт” цахим системийг бүрэн нэвтрүүлэх аж. Мөн лабораторийн шинжилгээний дүнг хяналтын шалгалттай уялдуулан эрсдэл, аюулаас сэргийлэх бодлого боловсруулах үндэслэл болгодог тогтолцоо бүрдүүлэхээр төлөвлөжээ.

2015 онд эрсдэл өндөртэй 9 381 обьектод төлөвлөгөөт шалгалт хийн, холбогдох арга хэмжээ авсны дүнд 4220 обьектын эрсдэл буурч бага эрсдэлтэй ангилалд шилжсэн байна. Ингэснээр Мэргэжлийн хяналтын байгууллага хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болзошгүй эрсдлээс мөн хэмжээгээр урьдчилан сэргийлж чаджээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ