Импортын эрчим хүчийг гааль, НӨАТ-аас чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-12 14:46:40

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь ОХУ-ын “Интер РАО ЕЭС” компаниас цахилгаан эрчим хүч худалдан авч Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгаан түгээх сүлжээ компаниудад бөөний үнээр дамжуулан борлуулдаг. Тус компанийн импортоор авч байгаа цахилгааны өөрийн өртөг нь хэрэглэгчдэд борлуулж буй үнээс өндөр байдаг тул алдагдлыг улсын төсвөөс татаас өгч санхүүжүүлдэг боловч импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар нь энэ татааст тусгагдаагүйгээс эх үүсвэргүй өр үүсдэг байна. Иймээс УИХ-аас хууль гарган 2005 оноос хойш хоёр удаа импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлжээ. Энэ удаа ч гэсэн тодорхой хугацаагаар чөлөөлүүлэх шаардлагатай байгаа аж.

Хэлэлцүүлгийн шатанд хилийн боомт, гаднаас эрчим хүч авдаг бусад аймгийн сумдыг ч хамруулах нь зүйтэй байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв.  Ажлын хэсгийнхэн хэлэлцүүлгийн явцад импортоор эрчим хүч авдаг бүх боомт, цэгүүдийг хамруулах боломжтой гэдгийг хэллээ. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив.

Б.Туул

Холбоотой мэдээ