В.Путины хувийн эмч Монголд ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувийн эмчээр ажилладаг анагаах ухааны доктор профессор Ирина Николаевна Захарова Монгол Улсад уригдан ирээд байна.
Тэрбээр “Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зонхилон тохиолдох эмгэг түүний оношлогоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурал, семинарт оролцохоор “Монос” группийн урилгаар ирсэн юм. Хүүхдийн анагаах ухааны салбарт ажиллаж буй эмч нар, удирдах ажилтнуудад зориулсан уг гурван өдрийн семинар Шангри-ла зочид буудалд өчигдөр эхэлсэн.
Анагаах ухааны доктор профессор Ирина Николаевна Захарова нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувийн эмч гэдгээрээ олон улсад нэр хүндтэйгээс гадна хүүхдийн маш нэртэй эмч гэгддэг. Тэрбээр 1997 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын дэргэдэх хорооны Хүүхдийн эмнэл зүйн зөвлөхөөр ажиллаж ирсэн бөгөөд олон хувийн эрүүл мэндийн төвүүдийн зөвлөхөөр ажилладаг. Мөн тэрбээр ОХУ-ын Хүүхдийн эмч нарын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Педиатр, гастроэнтеролог, хүүхдийн гепатологуудын Европын нийгэмлэгийн (ESPGHAN) бүрэн эрхт гишүүн, Иммунолог, аллергологуудын Европын нийгэмлэгийн (EAACI) гишүүн юм.
Хатагтай Ирина Николаевна Захарова өнөөдөр орой Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яамны сайд Ц.Оюунбаатар болон ЭХЭМҮТ, Улсын Клиникийн нэгдүгээр төв эмнэлэг, Нэгдүгээр амаржих газар, Баянгол эмнэлэг зэрэг томоохон төв эмнэлгүүдийн удирдлагуудтай зангиагүй уулзалт хийхээр төлөвлөжээ. Уулзалт 17.30 цагаас Шангри-Ла зочид буудалд болох бөгөөд энэ үеэр Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчдэд сонирхсон асуудлаар ярилцлага хийх боломжтой аж.
Н.Туяа