Цэцийн гишүүний насны дээд хязгаарыг тогтоох асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-13 09:36:21

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Өөрөөр хэлбэл, цэцийн гишүүдийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг уг хуулийн төсөлд тусгаад буй.

Мөн Цагдаагийн албаны тухай, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд эхэлж, Барилгын тухай, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай, Төрийн өмчийн тухай, Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийн шат шатны хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан тус тус үдээс хойш хуралдана.

Б.Туул

Холбоотой мэдээ